All posts by Acion-admin




ГЭМТ ХЭРГИЙН ТУХАЙ ХУУЛИЙН ТӨСӨЛД ӨГӨХ САНАЛ, ШҮҮМЖ

Нээлттэй Нийгэм Форум Гэмт хэргийн тухай хуулийн төсөлд санал, зөвлөмж боловсруулах цуврал хэлэлцүүлгийг 2013 оны 6 дугаар сард болон 2014 оны 1 дүгээр сард тус тус зохион байгууллаа. Хэлэлцүүлгийн үеэр “Гэмт хэрэг, ялын талаарх харьцуулалт”, “Гэмт хэргийн тухай хуулийн төсөлд тусгагдсан эрүүгийн хариуцлага хүлээх ялын төрөл”, “Гэмт хэргийн тухай хуулийн төсөлд ХЭҮК-оос өгөх санал зөвлөмж”, “НҮБ-ын хүний эрхийн механизмаас өгсөн зөвлөмж ба Гэмт хэргийн тухай хуулийн төсөл” сэдвээр Н.Туяа (МУИС-ийн Хууль зүйн сургуулийн Практик судлалын тэнхимийн эрхлэгч), Д.Цэнд-Аюуш (Хууль хүний эрх ТББ-ын Тэргүүн), Б.Батаа (ХЭҮК-ын ахлах референт), Б.Хишигсайхан (ННФ-ын менежер) нар тус тус мэдээлэл хийсэн юм.

Download (PDF, Unknown)

эх сурвалж: Нээлттэй нийгэм форум;  вэб сайт: www.forum.mn




Гэр бүлийн эрх зүй дэх сүй тавих ойлголт

Монгол Улсын иргэний эрх зүй тэр дундаа гэр бүлийн эрх зүйд тухайн нийгмийг тодорхойлох олон зүйл оршин байдаг. Тухайлбал: Сүй тавих асуудлыг одоо болтол хуульчлаагүй нь нийгэм, соёлын хувьд монголчууд сүй тавихыг тэр бүр голчлон анхаардаггүй буюу нийгэмд тийм ч нийтлэг болоогүй асуудал юм. Гэхдээ энэ нь монголчууд сүй тавих уламжлалгүй гэсэн үг огтоосоо биш бөгөөд ардын хувьсгал буюу 1921 оноос хойш нийгмийн амьдралд энэ ойлголт бүдгэрсэн гэж үзэж болно.

Гэтэл гадаадын зарим улс оронд энэхүү гэр бүлийн харилцааны анхдагч бөгөөд онцлог байдлыг эрх зүйн хэм хэмжээгээр зохицуулсан байдаг байна.

Германы гэр бүлийн хууль нь иргэний хуулийн ( BaB Bargeliches Gesetz Bvch) –ийн 4-р боть дээр 1297-1921-р зүйлүүд дээр тусгагдсан байдаг.
Хамтран амьдрагч, мөн гэрлээгүй хосуудын эрх зүйн байдал нь ( parta- Lebenspartnerschaftsgeseetz) гэх хамтран амьдрагчидын хуульд тусгагдсан байдаг. Мөн гэр бүлийн маргааныг шүүхээр шийдвэрлэх процесс нь ( ZPO- ZivilProzessOrdnung) гэх хэргийг шүүхээр хянан шийдвэрлэх тухай хуульд нарийн заасан байдаг.

Германы гэр бүлийн эрх зүйд сүй тавих гэдэг ойлголтын талаар хуульчилсан байна.

Энэ нь ХБНГУ-ын Иргэний хуулийн 1297-р зүйлд “Сүй тавьсан хосуудад гэрлэгчидийн хууль нөлөөлөхгүй буюу хүчин төгөлдөр хэрэгжихгүй” гэж заажээ.
1298-р зүйлд “Сүй тавьсан талуудын аль нэг нь сүйгээс буцвал нөгөөдөхдөө, мөн түүний эцэг эх юмуу оронд нь төлөөлсөн 3-дагч этгээдүүдэд сүй тавих гэсэн үндслэлээр зарцуулсан мөнгө, хөдөлмөр юмуу эд хөрөнгийг буцаан төлөх үүрэгтэй.

Сүйгээс татгалзан цуцлах ноцтой үндэслэл байвал энэ үүргээс чөлөөлөгдөнө.”

1301-р зүйлд “Сүй тавьсан хосууд гэрлэхгүй харин сүйгээ цуцалвал нөгөөдөхдөө сүй тавьсан бэлэг, мөнгө, эд хөрөнгөө буцаан шаардах эрхтэй, эс өгвөл нөгөөдөхөө үндэслэлгүйгээр хөрөнгжсөн гэж шүүхээр нэхэмжлэж болно”. гэх зэргээр гэрлэлтийн өмнөх гэж хэлж болох сүйн талаарх зохицуулалтыг хуульчилжээ.

Германы гэр бүлийн эрх зүйн зохицуулалтын нэг онцлог бол тусдаа амьдрагчдын эд хөрөнгийн зохицуулалт юм. 1361. б. 4-т “гэрлэгчид салснаас хойш 6-н сарын дотор нүүсэн эхнэр юмуу нөхөр эргэн ирэх хүсэлт гаргаагүй бол үүнийг нөгөө талдаа тухайн байрыг бүхэлд нь үлдээж байна гэж ойлгоно”.

Солонгос улсын хуульд сүйн талаар:

Солонгос улсын Иргэний хуулийн 800 дугаар зүйлд зааснаар “насанд хүрсэн хүн чөлөөтэйгөөр гэр бүлийн сүй тавьж болно.” 801-р зүйлд “Эрэгтэй хүн арван найман насанд хүрсэн, эмэгтэй хүн арван зургаан насанд хүрсэн бол тэдний эцэг, эх, тэжээгчийн зөвшөөрлөөр гэрлэлтийн сүй тавьж болно.” гэж заасан нь их онцлог зохицуулалт бөгөөд гэрлэхээсээ өмнөх хоёр тал гэрлэх сүй тавих гэсэн өвөрмөц зохицуулалтыг тусгасан байдаг. Хэн ч гэрлэлтийг сүйг албадан биелүүлэхээр шүүхэд нэхэмжилж болохгүй.

Мөн (гэрлэлтийн сүй салах шалтгаан) доорх зүйлсээс үүдсэн нөхцөл байдлын нэг л шалтгаан гэр бүлийн сүй тавьсан талуудын нэгэнд байвал сүйг цуцалж болно:

  • Хэрвээ талуудын нэг нь ажлаасаа түр огцорсны дараа багагүй ял шийтгэгдсэн
  • Хэрвээ талуудын нэг нь гэрлэлтйин сүйн шийдвэрийн дараа бараг мэдээгүй эсхүл мэдээгүй байснаа нягталж үзэхээр бол
  • Хэрвээ талуудын нэг нь арьс өнгөний өвчин, сэтгэцийн эдгэрэшгүй өвчтэй, мөн өөр бусад эдгэрэшгүй хорт халдварт өвчтэй бол
  • Хэрвээ талуудын нэг нь өмнө нь сүй тавьсан, гэрлэлтийн сүй тавих шийдвэрийн дараа өөр хүнтэй гэрлэхээр сүй тавьсан
  • Хэрвээ талуудын хэн нэгэн нь гэрлэлтийн сүй тавих шийдвэрийн дараа өөр хүнтэй завхайрсан бол
  • Хэрвээ талуудын хэн нэгэн нь нас барсан, гэрлэлтйин сүй тавьсаны дараа нэгээс илүү жил хаана байгаа нь мэдэгдэхгүй бол
  • Хэрвээ талуудын хэн нэгэн нь татгалзсан эсхүл гэрлэлтээ шалтгаангүйгээр хойшлуулсан
  • эдгээрээс өөр ноцтой шалтгаан байгаа

Гэрлэлтийн сүй бол гэрлэхээс өмнө онцгой харилцаа байхаар Солонгос улсад өвөрмөц зохицуулалтыг оруулсан нь тухайн орны нийгмийн соёл, ёс заншилтай холбоотой болов уу.

Австри Улсын гэр бүлийн эрх зүй нь хүүмүүсийн гэрлэлт, хүүхэд эцэг эхийн харилцаа мөн асрамжийн бүх төрлийн харилтцааг зохицуулдаг.

Австри Улсын Гэр бүлийн харилцааг Allgemeine Bürgerliche Gesetzbuch (ABGB) гэх Иргэний Хуулийн нэгэн боть-р зохицуулдаг байна.
Сүйт тавих: (§ 45 ABGB)-д сүйт тавих нь гэрлэх шаардлага үүргийг бий болгодогүй мөн бусад гэр бүлийн үүрэгийг хангах шаардлагийг үүсгэхгүй болно.

Нийгэм-соёлын анторпологи нь Улс төр, Нийгэм судлал, Хүн ам зүй, Нийгмийн сэтгэл зүй зэрэг ухаануудад харьцангуй өргөн хүрээний судлагдахуун болдог.

Энэ үүднээс гэр бүлийн харилцаан дахь улс үндэстний соёлын хувьд монголчууд гэрлэлтийн өмнөх сүйн талаар одоо үед төдийлөн анхаарал хандуулах нь багассан гэлтэй байна.

Сүй тавих бол ёс заншлын болоод гэр бүлийн харилцаан дахь анхдагч суурь ойлголт байх юм. Гадаадын зарим оронд энэ талаар зохицуулахдаа ихэвчлэн эдийн засгийн асуудлыг хөндөхийг чухалчилсан бол Солонгос улсын хувьд гэр бүлийн гадуурх харилцаа буюу эдийн бус харилцааг зохицуулж буй зарим тохиолдол ажиглагдаж байна.

Түүнчлэн нийгэмд албан ёсны гэр бүл болон хамтын амьдралын явцад гэр бүлээс гадуурх харилцаа өргөн байгаа нь гэр бүл салалтын нэг нөхцөл шалтгаан болж байгаа талаар судалгаанууд байгаа ч энэхүү шалтгааныг зохицуулсан хууль эрх зүйн зохицуулалт байхгүй. Нийгмийн анхдагч нэгж болох гэр бүлийн харилцаа бат бөх байх нь нийгмийн бусад институцид эерэг нөлөөтэй талаар эрдэмтэн, судлаачид номлодог ч түүнийг эрх зүйн дэгж журмаар зохицуулах асуудал сул байна.

Тухайн улсын үндэсний соёл, ёс заншилаас хамаарч гэр бүлийн эрх зүйн зохицуулалт өвөрмөц байгаа нь судалгааны явцад ажиглагдсан бөгөөд Япон, Солонгос зэрэг улсуудад гэрлэлтийн сүй хэмээх өвөрмөц харилцааг тодорхой зохицуулсан байна. харин ХБНГУ-д хамтран амьдрагч хосуудын эд хөрөнгийг зохицуулалтыг оруулж ирсэн нь үүнийг илтгэнэ. Монгол улсын хувьд энэ төрлийн харилцааг хуульчлаагүй орхисон бөгөөд нийгмийн амьдралд хамтран амьдрах ойлголт байгаа тул хуульчилан зохицуулах шаардлагатай гэж үзэж байна.




Ажил гүйцэтгэх гэрээ

Ажил гүйцэтгэх гэрээний тодорхойлолт

Иргэн, хуулийн этгээд харилцан ажил гүйцэтгэх, ахуй амьдрал болон бизнесийн үйл ажиллагаанд туслалцаа үзүүлэх үйл явцад үүссэн эрх зүйн зохицуулалтын нэг чухал хэлбэр бол ажил гүйцэтгэхээ гэрээ юм.

Ажил гүйцэтгэх гэрээгээр ажил гүйцэтгэгч нь захиалагчийн буюу өөрийн материалаар гэрээнд заасан ажил гүйцэтгэх, захиалагч нь уг ажлын үр дүнг хүлээн авч, хэлэлцэн тохирсон хөлс төлөх үүрэг тус тус хүлээнэ[1].

ОХУ-ын хувьд ажил гүйцэтгэх гэрээг Иргэний кодексын /1995 он/ 702 дугаар зүйлд: “Ажил гүйцэтгэх гэрээгээр гэрээний нэг тал нь /ажил гүйцэтгэгч/ нөгөө талын /захиалагч/ тодорхойлсон ажлыг захиалгын дагуу гүйцэтгэх, түүний үр дүнг захиалагчид шилжүүлэн өгөх үүрэгтэй, харин захиалагч нь ажлын үр дүнг хүлээн авах, түүний хөлсийг төлөх үүрэгтэй[2]” гэж заасан байна.

ХБНГУ-ын Иргэний хуулиар: Ажил /үйлчилгээ/ гүйцэтгэх гэрээний ерөнхий нөхцлийн дагуу ажил /үйлчилгээ/ гүйцэтгэх гэрээний салшгүй хэсэг болох бөгөөд холимог хэлбэрийн ажил /үйлчилгээ/ гүйцэтгэх гэрээний харилцааг үүнд ойлгоно[3].

 

348 дугаар зүйл. Ажил гүйцэтгэх гэрээний хугацаа

348.1. Хуульд өөрөөр заагаагүй бол ажил гүйцэтгэх гэрээний хугацааг талууд тохиролцон тодорхойлох бөгөөд ажлын онцлогийг харгалзан завсрын буюу тусгай хугацаа тогтоож болно.

 

Ажлыг хугацаанд нь гүйцэтгэх явдал ажил гүйцэтгэх гэрээний талуудын алиных нь ч хувьд ихээхэн чухал зүйл. Захиалагчийн хувьд ажил хугацаандаа гүйцэтгэгдэхгүй бол их хэмжээний хохирол хүлээх боломжтой[4]. Түүнчлэн энэхүү хуулийн заалт нь шаардах эрх болон үүрэг, хариуцлага хүлээлгэсэн заалт бус зөвхөн тодорхойлсон диспозитив шинжтэй заалт гэж ойлгож болно. Дээрх заалтын  ач холбогдолтой үг болон холбоо үгийг задлан тайлбарлавал:

Хууль өөрөөр заагаагүй бол: гэдэг нь энэ хууль болон бусад хууль тогтоомжид заагаагүй байх гэсэн утгыг илэрхийлнэ. Иймээс энэхүү холбоо үг нь хуулийн заалт хэрэгжих урьдчилсан нөхцөл буюу гипотезийг илэрхийлсэн утга агуулна[5]. Учир нь хууль өөрөөр заасан бол энэхүү зүйл заалтыг хэрэглэхгүй юм.

Талууд тохиролцон тодорхойлох: гэдэг нь хуульд заагаагүй байх гэсэн урьдчилсан нөхцөл хангагдсаны дараа гэрээний талууд /захиалагч, гүйцэтгэгч/ нар нь харилцан тохирох боломж олгож буй явдал юм. Ажил гүйцэтгэх хугацааг юуны өмнө талууд чөлөөтэй тохиролцож тогтооно. Гэрээний энэ төрлийн тохиролцоог хэрэглэхдээ энэ нь баталгаа гаргаж нэрлэсэн хугацаа мөн эсэх, эсхүл ерөнхийд нь таамагласан хугацаа байгаа эсэхийг анхаарах ёстой.

Ажлын онцлог: гэдэг нь яг ямар шинжээр илрэх талаар ойлгоход хүндрэлтэй байна. Нэгэнт нийгмийн харилцаа олон төрөл зүйлтэй тул энэ тохиолдолд гэрээний талуудын хүсэл зориг, тохиролцоо хамгийн чухал болно.

Завсрын болон тусгай хугацаа: гэдэг нь ажлын онцлогоос хамаарч завсрын буюу тусгай хугацаа тогтоож өгсөн байна. Завсрын хугацаа нь ажлын үе шаттай холбоотой бөгөөд захиалагч тухайн үе шатуудад хийгдсэн ажлын чанар болон дараагийн ажлын үргэлжлэлийг эхэлж болох эсэхэд хяналт тавих хугацаа юм. Түүнчлэн үгийн утгын хувьд завсрын гэдэг бол нийт хугацааны хүрээнд тооцогдох тодорхой үе шатны нэгж, харин тусгай хугацаа бол эхлэх болон дуусах үе нь нийт/ерөнхий/ хугацаанд тоологдохгүй, бие даасан байдлаар тоологдох хугацаа гэж ойлгож болно.

                  Дүгнэлт

Иргэний хуулийн 348 дугаар зүйлийн 348.1 дэх хэсэгт заасан гэрээний хугацаа нь юун түрүүн ажлын хөлс төлөх хугацаа биш юм.  Учир нь ажлын хөлс төлөх  хугацааг иргэний хуулийн 346 дугаар зүйлийн 346.1 дэх хэсэг нь хөлсийг төлөх хугацааг зохицуулсан учир 348.1 дэх хэсгийг хөлс төлөхөөс бусад хугацааг зохицуулсан гэж ойлгож болохоор байна.

Харин 348.1 дэх хэсэг дэх хугацаа нь ажил гүйцэтгэх гэрээний хугацаа эсхүл ажил гүйцэтгэх хугацаа алин болох нь тодорхой бус байна. Угтаа бол ажил гүйцэтгэх хугацаа, гэрээний хугацаа хоёр нь тусдаа бие даасан ойлголтууд юм. Гэрээг тайлбарлахдаа хэрэглэгдсэн үгийн шууд утгаас гадна бусад нөхцөл байдлыг шалгах шаардлагатай. Тиймээс үүнийг тухайн бодит фактын онцлогоос хамаарч өөрөөр тайлбарлах болж байна.

Мөн түүнчлэн хуульд өөрөөр заагаагүй бол гэдэг урьдчилсан нөхцөл тогтоосон нь иргэний эрх зүйн үндсэн зарчмаас гажсан гэлтэй байна. Ийм заалт байсан эсэхээс үл хамааран талууд ажил гүйцэтгэх нийт хугацаа болон түүнчлэн хэсгээр гүйцэтгэх ажлын хугацааг гэрээний эрх чөлөөт байдлын зарчмын үндсэн дээр угаасаа тохиролцох боломжтой юм. Мөн иргэний эрх зүйд юун түрүүн талуудын хүсэл зориг, түүний илэрхийлэл чухал ба гэрээний тохиролцоог тодорхойлсоны дараа хуулийн зохицуулалтыг зөрчсөн эсэх, хэрэв талуудын тохиролцоонд уг асуудал байхгүй бол хуулийн зохицуулалтыг харгалзан үзэх ёстой.

 

 

347.1. Ажил гүйцэтгэгч нь гэрээнд заасан ажлыг гүйцэтгэхэд бусад этгээд /туслан гүйцэтгэгч/-ийг оролцуулж болно. Энэ тохиолдолд ажил гүйцэтгэгч нь захиалагчийн хувьд ерөнхий ажил гүйцэтгэгч, туслан гүйцэтгэгчийн хувьд захиалагч болно.

 

Энэ зохицуулалтад ажил гүйцэтгэгч нь гэрээнд заасан ажлыг биечлэн гүйцэтгэх үүрэггүй, харин бусад ажил гүйцэтгэгчийн туслалцааг авах боломжтой болохыг тодорхой заасан бөгөөд энэ тохиолдолд оролцогчдын хооронд үүэх харилцааг зохицуулсан байна.

 

Захиалагч                  Ерөнхий ажил гүйцэтгэгч                    Туслан гүйцэтгэгч

 

Энэ заалтын утга агуулгын хувьд зөвхөн ерөнхий гүйцэтгэгч болон захиалагчийн хооронд гэрээний харилцаа үүсдэг. Энэ зарчим нь туслан гүйцэтгэгч ажиллагааг хөнгөвчлөх үүднээс захиалагчтай харилцаж төлбөр тооцоо хийж  байгаа тохиолдолд ч гэсэн адилхан үйлчилнэ. Ерөнхий болон туслан гүйцэтгэгч нарын хооронд ямар нэгэн онцлог зүйлгүй ердийн ажил гүйцэтгэх гэрээний харилцаа байдаг.

Харин ажил гүйцэтгэх үүргийг зөвхөн тодорхой нэг этгээдэд өгсөн онцгой гэрээ байгуулах тохиолдолд энэхүү үүргийг зөрчсөн бол яах вэ? Гэдэг асуудал урган гарч ирнэ.

Гэм хор учруулсан захиалагчийн үйлдэл нь ерөнхий гүйцэтгэгч болон туслан гүйцэтгэгч нарын хооронд байгуулагдсан гэрээний дагуу ерөнхий гүйцэтгэгчийн хүлээх хариуцлагад хамаарахгүй. Харин эсрэгээрээ ерөнхий ажил гүйцэтгэгч нь туслан гүйцэтгэгчийн ажлын үр дүнг захиалагчийн өмнө хариуцах ёстой ба үүргийг тусгаарлах зарчим энэ тохиолдолд хамаарахгүй юм.

 

354.1. Ажил гүйцэтгэгч өөрийн шаардлагыг хангах зорилгоор эзэмшилдээ байгаа, захиалагчийн захиалсан ажлын үр дүн болох хөдлөх эд хөрөнгийг барьцаалах эрхтэй.

Энэ заалт нь ажил гүйцэтгэгчид хөлс төлүүлэх шаардлагаа хангуулахын тулд захиалагчийн хөдлөх хөрөнгийг барьцаалах эрхийг хуульчилсан байна. Ажил гүйцэтгэх гэрээний дагуу ажил гүйцэтгэгч нь түрүүлж үүргээ гүйцэтгэх буюу ажил гүйцэтгэх хугацаандаа захиалагч төлбөрийн чадваргүй болох эрсдэлийг хариуцлаг учраас үүнд тодорхой хэмжээний хариу эрх олгож байна[6].

Урьдчилсан нөхцөл: Хуулийн энэ заалт хэрэгжихийн тулд буюу хэрэгжүүлэхийн тулд хэд хэдэн урьдчилсан нөхцөл хангагдсан байх ёстой гэж үзэж байна. Юун түрүүн ажил гүйцэтгэгч ажлын үр дүнг бий болгосон байх, өөрийн шаардлагыг ханга зорилгоор буюу захиалагч ажлын хөлсийг төлөөгүй өөрөөр хэлбэл гэрээний үүргийн зөрчил бий болсон буюу энэ талаар гүйцэтгэгчид шаардах эрх үүссэн байх гэсэн утга агуулгыг илэрхийлж буй юм.

Тодорхой бус байдал: Энэхүү заалтын тодорхой бус байдал нь ажил гүйцэтгэгчийн энэхүү барьцааны эрх чухам аль хөрөнгөд хамааралтай байх тухай асуудал. Яагаад гэвэл хуульд зааснаар зөвхөн ажлын үр дүнг барьцаалах эрхтэй. Энэ нь ажлын үр дүн болох хөдлөх эд хөрөнгийг барьцаалж болно гэсэнтэй нийцнэ. Харин энэхүү барьцааны эрх нь ажил гүйцэтгэгчийн зөвхөн шинээр бийл болгосон үр дүнд хамааралтай, эсхүл түүний засан сайжруулсан үр дүнд хамааралтай эсэх нь эргэлзээтэй байна[7].

Захиалагчийн захиалсан: гэдэг нь ажил гүйцэтгэх гэрээний үндсэн үүрэг даалгавар буюу талуудын тохиролоо нэг хэсэг юм.

Эзэмшилдээ байгаа: гэдэг нь барьцааны эрх хэрэгжих ёстой эд хөрөнгө нь ажил гүйцэтгэгчийн эзэмшилд шилжсэн, эсхүл ажил шинээр гүйцэтгэсэн тохиолдолд түүний эзэмшлээс гараагүй байх ёстой. Эзэмшлийн хуьд шууд ба шууд бус эзэмшил аль аль нь байх боломжтой юм.

Барьцаалах эрхтэй: гэдэг нь иргэний хуулийн 153 дугаар зүйлд заасан барьцааны эрхийн нэг хэсэг байх боломжтой. Барьцааны эрх нь барьцааны эд хөрөнгийг борлуулах замаар үүрэг гүйцэтгэгчээс эсхүл гуравдагч этгээдээс өөрийн шаардлагаа хангуулж авах эрхийг үүрэг гүйцэтгүүлэгчид олгодог.

Дүгнэлт

Иргэний хуулийн дээрх заалт нь тодорхой бус хэд хэдэн ойлголтыг өөртөө агуулж байна. Түүнчлэн энэхүү заалт нь шаардах эрхийг болгосон заалт эсэх нь эргэлзээтэй байна. Харин өөрийн шаардлагыг хангах зорилгоор гэх утгаас урган гарч буй тул шаардах эрхийн үндэслэл дээрээс бий болсон эрх гэж үзэх бүрэн үндэслэлтэй юм.

Дээрх барьцааны эрх нь Иргэний хуулийн 153 дугаар зүйлд заасан барьцааны эрхийн утгаар тайлбарлагдах боловч бүрэн төгс барьцааны эрхийг эдэлнэ гэхэд хэд хэдэн хүндрэлтэй асуудал гарч ирж байна. Барьцааны гэрээг бичгээр хийх шаардлага тавигддаг ба ихэнх тохиолдолд талууд урьдчилан үүргийн гүйцэтгэлийг хангах аргыг хэрэглэх талаар тохиролцох ёстой байдаг. Гэтэл энэ хуулийн заалт нь нөхцөл байдлаас хамаарч урган гарч ирж буй барьцааны эрх юм.

[1] Монгол Улсын Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1 дэх хэсэг.

[2] Комментарий к Гражданскому кодексу Российской Федерации. Часть второй. Москва., 1997 год. Ст 272. /дам ишлэв/.

[3] Leverkusen Institute. January 2004. /дам ишлэв/.

[4] ГТХАН. Монгол Улсын Иргэний хуулийн тайлбар. УБ., 2010. 694-р тал.

[5] Бүтцийн хувьд эрх зүйн хэм хэмжээ нь гурван хэсгээс бүрдэнэ. Гипотез буюу нөхцөл заасан хэсэг, диспозиц буюу заалтын хэсэг, санкц буюу хариуцлагын хэсэг юм. Гипотез- эрх зүйн хэм хэмжээний урьдчилсан нөхцөл боломжийн хэр хэмжээ буюу цаг хугацаа, субъект, газар орон, хэрэглэжих нөхцөл зэрэг байдлыг заадаг бөгөөд хэрэв гэсэн асуултанд хариулагдана.

[6] ГТХАН. Монгол Улсын Иргэний хуулийн тайлбар. УБ., 2010. 711-р тал.

[7] Дурьдсан бүтээл. 711-р тал.




Иргэний эрх зүйн шинэтгэлийн асуудлууд /эргэцүүлэл, эссе/

Зах зээлийн эдийн засгийн эрх зүйн харилцааны зарчим, үндсэн үзэл баримтлал нь дэлхий дахинаа нийтээр хүлээн зөвшөөрөгдсөн, өөр хоорондоо ижил төстэй байдагтай уялдуулан зах зээл хөгжсөн болон хөгжиж буй орнуудын эрх зүйн зохицуулалт ижилсих, рецепци хийх асуудал нь эрх зүйн бүлийг бараг л харгалзахгүй шахам болж байна.

Иргэний хууль нь эдийн засгийн хууль тогтоомжийн цөм нь бөгөөд ач холбогдлоороо Үндсэн хуулийн дараа орох суурь хууль гэж үздэг[1]. Тийм ч учраас зах зээлийн эдийн засгийн эрх зүйн харилцааг зохицуулж буй хууль тогтоомжийг өөрчлөн шинэчлэх, зөрчлийг арилгах асуудалыг Иргэний хуульд нийцүүлэх шаардлага зүй ёсоор тулгарна.

Түүнчлэн ХБНГУ-ын Бремений Их сургуулийн профессор, хууль зүйн ухааны доктор Рольф Книйфер бичихдээ “… Зах зээлийн харилцаа, мөнгөний эдийн засаг нь дэлхий даяар ижил төсөөтэй тогтолцоо, зорилготой байх тул иргэний болоод эдийн засгийн эрх зүйд ч мөн адил дэлхий нийтийн үндсэн зарчмыг баримталдаг юм[2].”

Гэтэл одоогийн эдийн засгийн хөгжил, нийгмийн амьдралын хэрэгцээ шаардлагыг манай орны хууль тэр дундаа иргэний эрх зүйн хууль тогтоомж хангаж, хамгаалж чадаж байна уу? гэдэг асуудал сүүлийн үед анхаарал хандуулах ёстой асуудлуудын нэг болж байна.

 

  1. Үүний нэг нь өмчлөх эрх ба шударга эзэмшигчийн хууль зүйн ойлголт, учир холбогдол юм.

Иймд өмчлөл, эзэмшил болон өмчлөх, эзэмших эрх хэдийд үүсэх асуудлыг орчин үеийн эдийн засаг, нийгмийн амьдралтай уялдуулан өөрөөр авч үзэх ёстой юм.

Дэлхийн нэг томоохон эрх зүйн бүл болох Civil Law буюу Ром-германы эрх зүйн бүл нь эртний Ромын эрх зүйгээс үйдэлтэй билээ.

Ромын эрх зүйн нөлөө өнөөг хүртэл энэ эрх зүйн бүлд хүчтэй хадаглагдсаар ирсэнийг эрх зүйн үзэл баримтлал, түүний үндсэн институт, бүтэц онол аргачлал зэргээс тод харж болно[3]. Мөн онцлог шинж нь шинжлэх ухааны онолч хийгээд номлогч хууль зүйн логик бичиглэлийн үзүүлэлт байдаг. Өөрөөр хэлбэл ром-германы эрх зүйн бүл нь шинжлэх ухааны техник задаргаа, логик эрэмбэлэл, хийгээд эрх зүйн онол, арга зүйн хүчирхэг байдлаар өөрийн давуу чанарыг илтгэдэг. Тиймээс энэ бүлийг профессорын эрх зүй ч гэж нэрлэх нь бий.

Ром германы эрх зүйн бүлийн бас нэг давуу тал нь ромын иргэний эрх зүйд суурилсан байдаг учир нийтийн эрх зүйгээс хувийн эрх зүйг нэлээд дээгүүр тавьдаг.

Манай улс энэ эрх зүйн бүлд хамрагдах тул ерөнхий онол, зарчмыг баримтлах нь маргаангүй.

Иймээс энэ хүрээнд иргэний эрх зүйн үндсэн ойлголт болох эзэмшлийн тухай асуудлыг иргэний эрх зүйн онолын түвшинд тайлбарлах, манай улсын эрх зүйн зохицуулалт тэрхүү онол, зарчимд хэр нийцсэн эсэх болон түүнийг боловсронгуй болгох арга зам, ач холбогдлыг эрэлхийлэх нь чухал ач холбогдолтой. Бодит амьдрал дээр өмчлөгч болж чадаагүй хүн бүр тухайлбал, түрээс, лизинг, узуфрукт, сервитут гэх мэт эзэмшигч байж өөрийн хэрэгцээгээ хангаж байгаа энэ үед энэ харилцааг зохицуулсан эрх зүйн хэм хэмжээг боловсронгуй болгох нь харилцаанд оролцогчдын эрх ашгийг хамгаалахад ихээхэн ач холбогдолтой юм.

Эзэмшил хэмээх ойлголт нь эртний Ромын үеэс л иргэний эрх зүйн гол ухагдахуун байж, өнөөг хүртэл судалгааны янз бүрийн онол, арга зүйн түвшинд судлагдан ирсэн. Тухайлбал :

  • Субъектив эзэмшлийн онол; \эзэмшил хууль ёсны байх, хууль ёсны болон шударга эзэмшигчийн эрх ашгийг хамгаалах, субъектийн хүсэл зоригийн шинж чанарыг гол болгодог\
  • Объектив эзэмшлийн онол; \ эд юмсыг эзэмшиж буй этгээд эд юмсыг эзэмших эрхтэй эсэхээс үл хамааран мэдэлдээ байлгах байгаар эзэмшилыг тодорхойлдог\
  • Пухтын онол гэх зэрэг

Эдгээрээс  сонгодог онолд  объектив эзэмшлийн онол нь түлхүү хөгжиж, эх газрын тогтолцоотой орнуудын хууль, эрх зүйд биеллээ олсон.

Манай улсын хувьд эзэмшлийн эрх зүйн зохицуулалтыг тусгайлсан 2002 оны иргэний хуульд анхлан зохицуулагдсан. Тиймээс манай орны түүхэн эх сурвалж, онолын ном зохиолуудад эзэмшлийн талаар авч үзсэн нь ховор, зөвхөн иргэний хуулийн тайлбаруудад хуулийн зохицуулалтыг л задлан тайлбарласан байна.

Эзэмшил гэдэг үгийн үндэс нь “эзэн” гэсэн үг байх бөгөөд эзэмших гэдэг утгаараа аливаа нэг зүйлд эзэн байж, эрх мэдэлдээ байлгах явдал гэж үгийн утгаар нь ойлгож болохоор байгаа юм. Объектив эзэмшилийн онолын дагуу эзэмшил гэдэг нь эрх зүйн утгаараа эзэмшигч этгээд ямар нэг эд зүйлийг тухайн эд зүйлийг эзэмших эрхтэй эсэхээс үл хамааран бодитойгоор эзэмшилдээ байлгах явдлыг ойлгодог.

Эзэмшлийн тухай эрх зүйн үзэл онол нь бүр эртний ромын үеэс л эхтэй. Ромд газар эзэмших, ашиглах харилцаатай зэрэгцэн эзэмшлийн тухайн ойлголт, хууль зүйн онол хүчтэй хөгжих эхлэл болсон. Эзэмшил эхэлж байсан уу, өмчлөл эхэлж байсан уу гэдэгт ромын хуульчдын тайлбар гол хариулт өгдөг.

Эзэмших эрх гэдэг нь эд юмс, хуулиар зөвшөөрөгдсөн бусад зүйлсийг өөрийн мэдэлд бодитойгоор байлгах хууль зүйн боломж юм[4].

Хууль зүйн хувьд эзэмшлийг хуулийн дагуу буюу үндэслэл бүхий болон хууль бус гэсэн хоёр үндсэн төрөлд авч үздэг.

Харин Монгол Улсын Иргэний хуулийн 114-р зүйлд өмчлөх эрхийг шударгаар олж авах авах асуудлыг зохицуулсан байна. Иргэний хуулийн 114-р зүйлд 109.3 дахь хэсэгт тусгагдсан өмчлөгч биш этгээдээс үл хөдлөх эд хөрөнгийн хувьд өмчлөх эрхийг шударгаар олж авах боломжтой ижил боломжийг хөдлөх эд хөрөнгийн хувьд тусгасан байна[5]. Гол агуулга нь өмчлөх эрхийг шилжүүлж байгаа этгээдийг өмчлөгч гэж итгэсэн байх талаар заажээ. Энд “мэдэх ёстой байсан” гэж тодорхойлсноос үзэхэд хөнгөн болгоомжгүйн хэлбэр байхад л тухайн этгээдийг өмчлөх эрхийг шударгаар олж авсан гэж тооцохгүй байх хангалттай үндэслэл байна гэж үзэх нь. Энэ заалтын утга нь нарийн гарсан эсэх нь эргэлзээтэй, санаатай болон болгоомжгүйн хэлбэрийн хоорондын зэрэглэлийг агуулсан хариуцлагын талаарх ерөнхий тодорхойлолт байхгүй байна. Иймэрхүү ерөнхий зохицуулалт нь энэ асуудлыг бүрэн бус хэдий ч илүү тодорхой болгоход шаардлагатай гэж үзэж байна.

Иргэний хуулийн 114-р зүйл эрх зүйн хамгаалалтыг хангалттай тогтоож чадаагүй бөгөөд ингэхдээ хулгай гэх мэт хамгийн хүнд хэлбэрээр өмчлөх эрхэд халдсан тохиолдолд ч гэсэн өмнөх өмчлөгчийн эрх, ашиг сонирхолыг чухалчлан авч үзээгүй байна. Гээгдүүлээгүй буюу хулгайд алдагдаагүй эд хөрөнгийн өмчлөх эрхийг шударгаар олж авах тохиолдолд түүний өмчлөгч нь шууд бус эзэмшигч болох бөгөөд Иргэний хуулийн 91-р зүйлийн дагуу өмчлөгч нь тодорхой бус тохиолдолд түүнийг өмчлөгч болох заалтыг оруулах хэрэгтэй.

Өмч шудрагаар олж авах гэдэг нь хувьчлах, худалдан авах, бэлэглэх, өв залгамжлах зэрэг хуульд заасан бусад үндэслэлээр өөрийн болгосныг ойлгоно.[6]

Үүнд мөн өмчийг анхдагч болон үүсмэл аргаар олж авах ойлголт яригддаг. Үүсмэл  аргаар олж авах нь өмнөх өмчлөгчийн хүсэл зоригоос хамаараалтайгаар өмчлөх эрхийг олж авдаг. Харин анхдагч аргаар өмчлөх эрхийг олж авах нь өмнөх өмчлөгчийн хүсэл зоригоос хамааралгүй байдаг.

Практикт шударга өмчлөгчийн эрхийг ашиглан бусдын хувьд нэг бүрийн шинжээр тодорхойлогдох эд хөрөнгийг хэд хэдэн этгээдийн эзэмшлээр дамжуулсан мэт болж бусдын эд хөрөнгийг завших, хуурч мэхлэх асуудал ихээр гарч байна.[7]

  1. Дараачийн нэг асуудал бол Үл хөдлөх эд хөрөнгийн маргаанд дуусаагүй барилгын асуудал зүй ёсоор анхаарал татаж байна.

Дуусаагүй барилгыг барьцаанд тавих, дуусаагүй барилгын өмчлөх эрхийн гэрчилгээг гаргуулах нь Эд хөрөнгийн өмчлөх эрх, түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн улсын бүртгэлийн тухай хууль[8]д тусгагдсан боловч тухайн гэрчилгээг олгохдоо дуусаагүй барилгыг тухайн үед нь худалдаж авч байгаа иргэдийн эрхийг хэрхэн хамгаалахыг орхигдуулснаас худалдаж авч, төлбөрөө төснөөр өмчлөх эрх нь үүсдэг иргэд, хуулийн этгээд үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээ авч чадахгүйд хүрэх тохиолдол байна. Иймээс дуусаагүй барилгын хувьд тухайн барилгыг барьж байгаа этгээдэд гэрчилгээ олгохдоо барилгын хувь хэмжээгээр л (үүнийг бодит байдлаар нь тодорхой болгож бүртгэх юм уу, эсвэл мөнгөн дүнгээр үнэлэн бүртгэлд тусгах) гэрчилгээ олгох, улмаар тухайн хэмжээгээр барьцаалах, иргэд хувь хэсэгт нь өмчлөх зэргээр бүүртгэлийн ажиллагааг төгөлдөржүүлэх шаардлага гарч байна.

Энэ бүгдээс үнэлэхэд үл хөдлөх хөрөнгө нь улс орны эдийн засгийн хөгжил, бэхжилтэнд нөлөөлөх хөшүүрэг болдгийн хувьд эрх зүйн зохицуулалтыг шинэчлэх, онолд суурилсан практик бий болгох шаардлага тавигдаж байгааг анхаарах, өөрчлөлт хийх нь зүй ёсны асуудал болж байна.

[1] Хууль зүй, дотоод хэргийн яам. “Монголын эрх зүйн шинэтгэл-8 жил. 1995-2003”. УБ., 2003. 185-р тал.

[2] Мөн тэнд.

[3] Ром дэлхийн тавцанд гурван удаа ард түмнийг нэгтгэсэн гэдэг. Эхний удаад хүн амыг ашиглан ард түмнийг захирсан бол дараагийн удаад сүм хийдийн хүчээр, адагт нь эрх зүйн хүчээр одоо болтол нөлөөлсөөр байна гэж Р.Иеринг тэмдэглэсэн байдаг.

 

[4] Н.Чинбат. “Иргэний эрх зүйн лекцийн товчоон” /ерөнхий анги/. УБ., 2014 он. 178-р тал.

[5] ГТХАН. Монгол Улсын Иргэний хуулийн тайлбар. УБ., 2010. 198-р тал.

[6] Ханнс-Зайделийн сан. “Монгол Улсын Їндсэн хуулийн тайлбар”. Уб., 2009. 71-р тал.

[7] Монгол Улсын Иргэний хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1-д “Эд хөрөнгө шилжүүлж байгаа этгээд нь өмчлөгч биш болохыг өмчлөх эрх олж авч байгаа этгээд мэдээгүй бөгөөд мэдэх боломжгүй байсан бол түүнийг өмчлөх эрхийг шударгаар олж авсан гэж тооцно. Харин эрхээ шилжүүлж байгаа этгээд өмчлөгч биш болохыг тухайн үед мэдэж байсан буюу мэдэх ёстой буюу мэдэх боломжтой байсан бол өмчлөх эрхийг шударгаар олж авсан гэж үзэхгүй” гэж заасан.

[8] Төрийн мэдээлэл эмхэтгэл. УБ., 2003 он. Дугаар 25.




Ээлжийн амралтаа эдэлж байх хугацаандаа эмнэлэгт хэвтсэн тохиолдолд листний мөнгө олгогдох уу?

Нийгмийн даатгалын сангаас тэтгэвэр тэтгэмж олгох тухай хуульд зааснаар Ердийн өвчин, ахуйн ослын улмаас хөдөлмөрийн чадвараа түр хугацаагаар алдахаас өмнө З, түүнээс дээш сарын хугацаагаар тэтгэмжийн даатгалын шимтгэл төлж ажилласан даатгуулагч хөдөлмөрийн чадвар түр алдсаны тэтгэмж авах эрхтэй. Эрүүл мэнд, нийгмийн хамгааллын сайдын 2000 оны 166 тоот тушаалд зааснаар ээлжийн амралт үргэлжлэх хугацаанд жирэмсний болон амаржсаны амралт, хөдөлмөрийн чадвар алдсан (эмнэлэгт хэвтсэн хугацаа), ажил олгогчоос албан ёсны чөлөөтэй байсан хугацааг оруулдаггүй. Тйимээс  ээлжийн амралтаа эдэлж байх хугацаандаа эмнэлэгт хэвтсэн листний мөнгө авах эрхтэй.




Ээлжийн амралтыг биеэр эдлэхгүйгээр ажилласан бол яах вэ?

Хөдөлмөрийн тухай хуульд зааснаар ажилтанд жил бүр ээлжийн амралт олгож биеэр эдлүүлэх ёстой. Хэрэв ажлын зайлшгүй шаардлагаар ээлжийн амралтаа биеэр эдэлж чадаагүй ажилтанд мөнгөн урамшуулал олгож болно. Мөнгөн урамшуулал олгох журмыг хамтын гэрээгээр, хамтын гэрээгүй бол ажилтантай тохиролцсоны үндсэн дээр ажил олгогчийн шийдвэрээр зохицуулна.




Гэрлэлтийн батлахаа салгах гэсэн юм. Яаж салгах вэ?

Эхлээд та харъяа дүүргийнхээ Эвлэрүүлэн зуучлах төвд хандана.
Эвлэрүүлэн зуучлах төв таны өргөдлийг хүлээн авснаас хойш 30 хоногийн дотор хянаж үзэж шийдвэрлэнэ. Хэрэв Эвлэрүүлэн зуучлагч гэрлэгчдийг эвлэрэх боломжгүй гэж үзвэл энэ тухай уулзалтын тэмдэглэл үйлдэн гарсан үр дүнг тусгана.

Эхнэр нөхөрийн аль нэг тал нь эвлэрүүлэн зуучлагчийн уулзалтын тэмдэглэлийг доорхи материалын бүрдүүлэн харъяа дүүргийнхээ шүүхэд нэхэмжлэл гаргана. Үүнд:
Нэхэмжлэлд дараах материалыг бүрдүүлнэ:
1. Нэхэмжлэл 2 хувь
2. Гэрлэлтийн гэрчилгээ
3. Эвлэрүүлэн зуучлагчийн тэмдэглэгээ
4. Иргэний үнэмлэхний хуулбар
5. Хүүхдийн төрсний гэрчилгээний хуулбар
6. Хорооны тодорхойлолт
7. Хүүхдийн эрүүл мэндийн тодорхойлолт /өрхийн эмнэлэгээс авах/
8. Сургууль, цэцэрлэгийн тодорхойлолт
9. Улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт /70200төгрөг/




Гэрлэлтээ батлалгүй хамтран амьдарч байх хугацаандаа хүүхэдтэй болоод салчихсан юм. Энэ тохиолдолд нөхрөөсөө ямар нэгэн тэтгэмж авах боломжтой юу. Хаана хандах хэрэгтэй вэ?

Энэ тохиолдолд нөхөрийнхөө оршин суугаа харъяалалын шүүхэд хүүхдийн тэтгэмж тогтоолгох тухай нэхэмжлэл гаргаж шийдвэрлүүлнэ.
Нэхэмжлэлд дараах материалыг бүрдүүлнэ:
1. Нэхэмжлэл 2 хувь
2. Иргэний үнэмлэхний хуулбар
3. Хүүхдийн төрсний гэрчилгээний хуулбар
4. Хорооны тодорхойлолт
5. Хүүхдийн эрүүл мэндийн тодорхойлолт /өрхийн эмнэлэгээс авах/
6. Сургууль, цэцэрлэгийн тодорхойлолт
7. Улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт /70200төгрөг/




Нөхцөлт мөнгөн тэтгэмж гэж юу хэлээд байна. Энэ талаар тодруулж өгнө үү.

Нөхцөлт мөнгөн тэтгэмж гэдэг нь байнгын асаргаа шаардлагатай ахмад настан, хөгжлийн бэрхшээлтэй хүн, бүтэн өнчин, Гэр бүлийн тухай хуулийн 25.5-д заасан болон хүчирхийллийн улмаас сэтгэл санааны, бие махбодийн хохирол хүлээж хамгаалалт шаардлагатай болсон хүүхдийг асрамжилж байгаа иргэнд тодорхой шалгуур, болзолтой олгох мөнгөн тусламжийг “нөхцөлт мөнгөн тэтгэмж” гэнэ.
Нийгмийн халамжийн нөхцөлт мөнгөн тэтгэмж дараахь төрөлтэй байна:
1.ахмад настныг асарч буй иргэнд олгох тэтгэмж;
2.хөгжлийн бэрхшээлтэй иргэнийг асарч буй иргэнд олгох тэтгэмж;
3. бүтэн өнчин хүүхдийг үрчлэн авсан болон асран хамгаалж, харгалзан дэмжиж байгаа иргэнд олгох тэтгэмж;
4. Гэр бүлийн тухай хуулийн 25.5-д заасан болон хүчирхийллийн улмаас сэтгэл санааны болон бие мах бодийн хохирол хүлээж хамгаалалт шаардлагатай болсон хүүхдийг гэр бүлдээ авч асрамжилж байгаа иргэнд олгох тэтгэмж;
5.“Эхийн алдар” нэгдүгээр, эсхүл хоёрдугаар зэргийн одонтой эхэд жилд нэг удаа олгох мөнгөн тусламж;
6.эхэд жирэмсний 5 сартайгаас эхлэн 12 сарын хугацаанд сар тутам олгох тэтгэмж.
Нийгмийн халамжийн нөхцөлт мөнгөн тэтгэмж авах эрх
Дор дурдсан иргэн нийгмийн халамжийн нөхцөлт мөнгөн тэтгэмж авах эрхтэй.
1. бүтэн өнчин хүүхдийг үрчлэн авсан болон асран хамгаалж, харгалзан дэмжиж байгаа;

2. Гэр бүлийн тухай хуулийн 25.5-д заасан болон хүчирхийллийн улмаас сэтгэл санааны болон бие мах бодийн хохирол хүлээж хамгаалалт шаардлагатай болсон хүүхдийг Гэр бүлийн тухай хуулийн 74 дүгээр зүйлд заасны дагуу гэр бүлдээ авч асрамжилж байгаа;

3. тэжээн тэтгэх хүүхэдгүй, төрөл, садангийн хүнгүй, ганц бие ахмад настан болон хөгжлийн бэрхшээлтэй ганц бие иргэнийг гэр бүлдээ авч асрамжилж байгаа;

4. эмнэлгийн хяналтад байдаг, байнгын асаргаа шаардлагатай ахмад настан болон хөгжлийн бэрхшээлтэй хүнийг асарч байгаагийн улмаас хөдөлмөр эрхлэдэггүй хөдөлмөрийн насны.
Эхийн алдар” нэгдүгээр, эсхүл хоёрдугаар зэргийн одонтой эх жилд нэг удаа мөнгөн тусламж давхардуулахгүйгээр авах эрхтэй.
5.Эх жирэмсний 5 сартайгаас эхлэн 12 сарын хугацаанд сар тутам тэтгэмж авах эрхтэй бөгөөд хэрэв эх хүүхдээ төрүүлсний дараа нас барсан бол уг хүүхдийн эцэг, эсхүл хууль ёсны асран хамгаалагч, үрчилж авсан эх нь тэтгэмжийг үргэлжлүүлэн авах эрхтэй
Нийгмийн халамжийн сангаас олгох нөхцөлт мөнгөн тэтгэмжийг давхардуулан олгохгүй бөгөөд хэрэв давхардвал тэтгэмжээс аль нэгийг иргэн өөрөө сонгох эрхтэй.




Орчуулгын товчоо шинээр байгуулах гэсэн юм. Жилд хэдэн хувийн татвар төлдөг вэ. Ямар бичиг баримт бүрдүүлж, хаана хандах вэ?

Орчуулгын товчоо шинээр байгуулан ажиллах үед компани үүсгэн байгуулах шаардлагатай. Харин татварын хувьд Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуульд заасан хувь хэмжээгээр төлнө.

Компанийг үүсгэн байгуулахад дараах материалууд шаардлагатай байдаг:

  1. Хуулийн этгээдийн улсын бүртгэлд бүртгэх өргөдөл УБ03 маягт 2 хувь
  2. Нэрийн баталгаажуулалтын хуудас
  3. Хуулийн этгээд шинээр үүсгэн байгуулах тухай үүсгэн байгуулагчийн шийдвэр 2 хувь ба түүнээс дээш үүсгэн байгуулагчтай бол хурлын тогтоол, хурлын тэмдэглэл/
  4. Хуулийн этгээдийн дүрэм 3хувь
  5. Хуулийн этгээдийн харилцах данс нээлгэсэн мэдэгдэл
  6. Улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт /22000 төгрөг, Голомт банк 1401002649 тоот данс/
  7. Үүсгэн байгуулагчийн иргэний цахим үнэмлэхийн хуулбар 2 хувь
  8. Эхлэлтийн тайлан тэнцэл 2 хувь
  9. Бусад холбогдох материал /бэлэн мөнгө тушаасан баримт,хөрөнгийн жагсаалт, түрээсийн гэрээ г.м/