Нийгмийн шахалт, олон нийтийн хүлээлтийн хайчин гал дунд МАН-ынхан Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулийг дахин баталсан билээ. Дахин гэж тодотгосон нь, энэ хуулийг уг нь түрүүчийн парламент баталж, энэ оноос хэрэгжүүлж эхлэхэд бэлэн болоод байсан юм.
Гэвч МАН сонгуульд ялалт байгуулж, шинэ парламентын анхдугаар чуулганаараа өмнөх УИХ-ын баталсан хуулийг үг дуугүй буцаах үүргийг Засгийн газарт өгч байлаа. Нийгмээс асар их эсэргүүцэл дагуулсан уг шийдвэрээ “Өмнөх УИХ энэ хуулийн эцсийн найруулгыг сонсоогүй, Төрийн мэдээллийн эмхэтгэлд хэвлээгүй учраас хэрэгжүүлэх боломжгүй” гэж тайлбарлаж байв.
“Хаалганы цаана” үйлдэгддэг хүчирхийлэлтэй тэмцэх тус хуулийг ийн буцаасан ч олон нийтийн шахалтаар олонхийг бүрдүүлж буй МАН дахин шинээр баталсан юм. Тэр хууль нь өнөөдрөөс албан ёсоор хэрэгжиж эхлэх байв. Байв гэсэн нь,УИХ энэ удаад өмнөх парламентыг буруутгаж байсан процедурын алдаагаа өөрсдөө дахин давтжээ.
Одоо тайлбарлъя. Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуульд УИХ-ын дарга өнгөрсөн баасан гарагт гарын үсэг зурж ёсчилжээ. Баталчихаад бараг сар гаруй болж байгаа ч ийм амин чухал хуулийг ёсчлохгүй явсаар хэрэгжүүлэх хугацаанд нь тулгажээ. Тиймээс Төрийн мэдээллийн эмхэтгэлд хэвлэж амжаагүй юм байна.
Төрийн мэдээллийн эмхэтгэлд яагаад хэвлэх ёстой гэж та бодож болох юм. Тэгвэл Монгол Улсын Үндсэн хуулийн 5.3-т “Улсын дээд шүүх, бусад шүүх нь Үндсэн хуульд нийцээгүй, албан ёсоор нийтлээгүй хуулийг хэрэглэх эрхгүй” гэж заасанд учир бий. Иймээс л өнөөдөр энэ хуулийг хэн ч хэрэгжүүлэх боломжгүй болжээ. Нэгэнт УИХ баталчихсан юм чинь хэрэгжүүлэх ёстой гэж бодож байвал бас үгүй юм.
Түрүүчийн парламентын жишээг мөн л дурдъя. Анхдугаар ардчилсан, байнгын ажиллагаатай парламент байгуулсны 25 жилийн ойд зориулан УИХ-аас хоёр жилийн өмнө Өршөөлийн тухай хууль баталсан. Гэвч энэ хууль хэрэгжээгүй. Шалтгаан нь, Төрийн мэдээллийн эмхэтгэлд хэвлэн, нийтлээгүйтэй холбоотой байсан.
Ийн УИХ тус хуулийг хэвлэж амжаагүй байхад нь Ерөнхийлөгч хориг тавьж, улмаар суллагдахаа хүлээсэн олон хүн хохирч үлдсэн юм. Иймийн учир УИХ-аас баталсан хууль, Засгийн газраас гарсан шийдвэр Төрийн мэдээллийн эмхэтгэлд хэвлэгдэх нь нэн чухал байдаг билээ.
Гэтэл үүнийг мэдсээр байж энэ удаагийн УИХ хойрго хандсаны улмаас алдчихлаа. Өнөөдрөөс хэрэгжиж эхэллээ гэж шуурч байна. Бодит байдал дээр Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулийг хэрэгжүүлэх боломж бүрдээгүй байна. Дахин тодотгоход, Монгол Улсын Үндсэн хуульд “Монгол Улсын хуулийг Улсын Их Хурал албан ёсоор нийтлэх бөгөөд хэрэв хуульд өөрөөр заагаагүй бол ийнхүү нийтэлснээс хойш арав хоногийн дараа хүчин төгөлдөр болно” гэж заасан байдаг.
Мөн Монгол Улсын Их Хурлын тухай хуулийн 43.2-т “Улсын Их Хурлын тухайн шийдвэрт өөрөөр заагаагүй бол уг шийдвэр албан ёсоор нийтлэгдсэнээс хойш 10 хоногийн дараа хүчин төгөлдөр болно” гэдэг хуулийн заалт бий. Ийм байтал өнөөдрөөс хэрэгжинэ гэх Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хууль Төрийн мэдээллийн эмхэтгэлд алга. Хэзээ хэвлэгдэх нь ч тодорхой бус байна. Магадгүй хэвлэгдлээ гэхэд тэр хүртэлх хугацаанд гэр бүлийн хүчирхийллийн улмаас иргэд хохирвол хэн тэднийг хамгаалж, хэн хуулийн хариуцлага хүлээх вэ…
Эх сурвалж: http://eagle.mn/