УИХ-ын чуулганы өчигдрийн нэгдсэн хуралдаанаар зургаан шинэ хууль мэндэлжээ. Тухайлбал, өчигдөр батлагдсан хуулиудын хүрээнд малчин, хувиараа хөдөлмөр эрхлэгчийн тэтгэврийн даатгалын шимтгэлийн нөхөн төлж, онцгой байдлын алба хаагчдын онцгой нөхцөлд авдаг тэтгэмж нэмэгдэн, зарим ААН-үүд татварын хөнгөлөлт эдлэх боломж бүрджээ. Мөн жижиг дунд үйлдвэрлэлийн зориулалттай тоног төхөөрөмжүүдийг гаалийн татвараас чөлөөлж, алдар цолтон, ахмад настанд төрөөс нэмэгдэл, хөнгөлөлтөд өөрчлөлт оруулсан байна.
Ингээд шинээр мэндэлсэн хуулиудтай танилц.
- Үрчлэн авсан хүүхдийнх нь тоогоор 1.6 жилийн НДШ нэмж тооцно
Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийг баталлаа. Хууль батлагдсанаар нийтдээ 20-оос доошгүй жил, үүнээс 15-аас доошгүй жил нь малчнаар ажиллаж тэтгэврийн даатгалын шимтгэл төлсөн эрэгтэй 55 нас хүрсэн, 12 жил зургаан сараас доошгүй жил малчнаар ажилласан шимтгэлээ төлсөн 50 настай эмэгтэй өндөр насны тэтгэвэр тогтоолгон авах эрх нээгдэж байна.
Түүнчлэн төрүүлсэн болон гурав хүртэл настайд нь үрчлэн авч зургаан нас хүртэл нь өсгөсөн эхийн нийгмийн даатгалыншимтгэл төлсөн нийт хугацаан дээр төрүүлсэн болон үрчлэн авсан хүүхэд бүрийн тоогоор нэг жил зургаан сарыг нэмж тооцохоор болж байгаа юм.
Мөн хүүхдээ гурван нас хүртэл асрах чөлөөтэй байсан эхэд тэтгэмжийн даатгалын шимтгэл төлсөн сүүлийн 12 сарын хөдөлмөрийн хөлс, түүнтэй адилтгах орлогын дунджаас 100 хувиар тооцож, дөрвөн сарын хугацаанд жирэмсний болон амаржсаны тэтгэмж олгохоор зохицуулжээ.
Энэхүү хууль 2018 оны нэгдүгээр сарын 1-ээс эхлэн хүчин төгөлдөр мөрдөгдөнө.
- Малчин, бизнес эрхлэгчид НДШ-ээ НӨХӨН ТӨЛӨХ боломжтой боллоо
Малчин, хувиараа хөдөлмөр эрхлэгчийн тэтгэврийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэх тухай хуулийн төслийн эцсийн хэлэлцүүлгийг хийж, баталлаа. Байнгын хорооны танилцуулгатай холбогдуулан гишүүдээс асуулт, санал гараагүй тул хуулийн төслийг бүхэлд нь батлахыг нэгдсэн хуралдаанд оролцсон гишүүдийн 78.3 хувь нь дэмжиж баталсан байна.
Энэ хуулийн үйлчлэлд 1995 оноос энэ хууль хүчин төгөлдөр болсон өдөр хүртэл хугацаанд малчнаар ажилласан болон хувиараа хөдөлмөр эрхэлж байсан 15-60 насны иргэн хамаарах юм.
Харин ерөнхий боловсролын сургууль, их сургуүль, дээд сургууль, коллежийн өдрийн ангид суралцсан хугацаа малчнаар ажилласан жилд хамаарахгүй юм байна. Мөн малчин болон хувиараа хөдөлмөр эрхлэгчийн өөр ажил эрхэлсэн хугацаа малчнаар ажилласан болон хувиараа хөдөлмөр эрхлэгч байсан хугацаанд хамаарахгүй аж.
- Онцгой байдлын алба хаагчид ОНЦГОЙ НӨХЦӨЛД 20 ХУВИЙН НЭМЭГДЭЛ авна
Чуулганы хуралдаанаар Монгол Улсын Ерөнхийлөгчөөс өргөн мэдүүлсэн Гамшгаас хамгаалах тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийн эцсийн хэлэлцүүлгийг хийж эцэслэн баталлаа.
Хууль батлагдсанаар онцгой байдлын албан хаагчдын онцгой нөхцлийн нэмэгдэл үндсэн цалингийн 10 хувь байсныг 20 хувиас доошгүй болж, нэмэгдэх юм байна.
Мөн уг хуулийн төсөлтэй хамт өргөн баригдсан холбогдох 40 гаруй хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай төслүүдийг эцэслэн баталжээ.
- ЖДҮ-ийн зориулалттай тоног төхөөрөмжийг гаалийн ТАТВАРААС чөлөөлнө
Дараа нь Улсын Их Хурлын гишүүн Ж.Ганбаатар нарын нэр бүхий 8 гишүүний өргөн мэдүүлсэн Гаалийн албан татвараас чөлөөлөх тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг батлав. Уг хуулийн хүрээнд жижиг, дунд үйлдвэрийн үйлдвэрлэлийн зориулалт бүхий тоног төхөөрөмж, сэлбэг хэрэгслийг 2019 он хүртэл гаалийн албан татвараас чөлөөлөхөөр болж байгаа юм.
Мөн үүнтэй холбогдуулан Гаалийн албан татвараас чөлөөлөх тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуулийн төслийг анхны хэлэлцүүлгээр нь баталжээ.
- 1.5 тэрбумаас бага орлоготой ААН-үүд ТАТВАРЫН ХӨНГӨЛӨЛТ эдэлнэ
Засгийн газраас өнгөрсөн оны есдүгээр сарын 30-ны өдөр өргөн мэдүүлсэн Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн эцсийн хэлэлцүүлгийг өчигдөр чуулганаар хэлэлцэж, батлав. Хуулийн төслийг эцсийн хэлэлцүүлэгт бэлтгэсэн тухай Төсвийн байнгын хорооны танилцуулгыг Улсын Их Хурлын гишүүн Д.Тогтохсүрэн хийсэн юм.
Уг хуулийн хүрээнд жилийн борлуулалтын орлого нь 1.5 тэрбум төгрөгөөс ихгүй, хүнсний үйлдвэрлэл, хувцас болон нэхмэлийн үйлдвэрлэл, барилгын материалын үйлдвэрлэл болон газар тарилан, мал аж ахуйн үйлдвэрлэлийн чиглэлээр үйл ажиллагаа явуулж байгаа албан татвар төлөгчийн үндсэн үйл ажиллагааны орлогод ногдуулсан татварыг 90 хувиар хөнгөлөх юм. Энэ хуулийн үйлчлэл 2021 оны нэгдүгээр сарын 01 хүртэл хүчин төгөлдөр мөрдөгдөнө.
- Алдар цолтон ахмад настанд олгох нэмэгдэл, хөнгөлөлтийг ӨӨРЧИЛЛӨӨ
Алдар цолтон ахмад настанд төрөөс нэмэгдэл, хөнгөлөлт олгох тухай /шинэчилсэн найруулга/ хуулийн төслийн эцсийн хэлэлцүүлгийг хийж, гишүүдийн олонхийн саналаар баталлаа.
Энэ хууль нь Монгол Улсын баатар, хөдөлмөрийн баатар, ардын болон гавьяат цолтон, төрийн шагналт, төрийн соёрхолт, ахмад дайчин, Улсын ударник, хувьсгалт тэмцлийн ахмад зүтгэлтэн, Монгол Улсын Үндсэн хуулийг хэлэлцэж, баталсан /1990-1992 он/ Ардын Их Хурлын депутат, Улсын Бага Хурлын гишүүн ахмад настанд төрөөс нэмэгдэл, хөнгөлөлт олгохтой холбогдсон харилцааг зохицуулах зорилготой юм.
Алдар цолтой ахмад настанд олгох сар бүрийн нэмэгдлийн хэмжээг УИХ-аар тогтоодог ба одоо мөрдөж байгаа хэмжээг УИХ-ын 2008 оны 33 дугаар тогтоолоор тогтоосон байдаг. Иймд Ардын Их Хурлын депутат, Улсын бага хурлын гишүүн байсан ахмад настнуудад олгох нэмэгдлийн хэмжээг тогтоох УИХ-ын тогтоолд сард хэдэн төгрөг олгохыг тухайн үед УИХ-аас шийдэх юм.
Дээрх хуулиуд нь ердийн журмаар буюу батлагдсан өдрөөсөө эхлэн хүчин төгөлдөр мөрдөгдөж байгаа юм.