Намрын чуулганы хаалтын өмнө амжиж баталсан ДӨРВӨН ШИНЭ ХУУЛЬ

28(123)

УИХ-ын намрын чуулганы нэгдсэн хуралдаан маргааш хаалтаа хийнэ. Тэгвэл чуулган хаалтаа хийхийн өмнө өнөөдрийн хуралдаанаараа дөрвөн шинэ хуулийг баталлаа.

Шинээр төрсөн хуулийг тоймлон хүргэе.

  1. Цагдаагийн албаны тухай хуулийн шинэчилсэн найруулгыг баталлаа

Чуулганы хуралдааны эхэнд Цагдаагийн албаны тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг хэлэлцэн баталлаа. Хуулийн төслийг Улсын Их Хурлын гишүүн Ц.Нямдорж танилцуулсан юм.

Шинэ хуулинд “цолны цалин” хэмээх шинэ нэр томьёо хэрэглэсэн бөгөөд энэ нь Хөдөлмөрийн тухай хуулийн цалин, урамшуулалтай холбоотой зохицуулалттай зөрчилдөж байгаа эсэхийг УИХ-ын гишүүн О.Баасанхүү асуув.  Энэ асуултад УИХ-ын гишүүн Ц.Нямдорж цагдаагийн албан хаагчид хүнд нөхцөлд үүрэг гүйцэтгэдэг, эрсдэл өндөртэй байдаг учир Хөдөлмөрийн тухай хууль дахь цалингийн урамшуулал үндсэн цалингийн 40 хувиас хэтрүүлэхгүй байх зохицуулалтад хамааруулахгүй байх нь зөв. Тиймээс Цагдаагийн албаны тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөлд энэ төрлийн зохицуулалтыг оруулсан” гэж хариулав.

Ийнхүү Засгийн газраас өнгөрсөн оны арванхоёрдугаар сарын 22-ны өдөр өргөн мэдүүлсэн Цагдаагийн албаны тухай хуулийн төслийг батлах санал хураалт явуулахад гишүүд 93.9 хувийн саналаар дэмжин, баталсан юм

Хууль батлагдсанаар цагдаагийн цолыг өндөр шалгууртай олгохоор болж байгаа юм. Тухайлбал, цагдаагийн бага цол буюу ахлагч цолыг дөрвөн жил тогтвор суурьшилтай ажиллаж байж авна. Мөн шинэ томилогдсон цагдаа дэд ахлагч цолтой байна. Ингээд дөрвөн жил үр бүтээлтэй, тогтвор суурьшилтай ажиллаж байж ахлагч болтой болно. Дахиад дөрвөн жил үр бүтээлтэй ажиллавал ахлах ахлагч болох юм.

Мөн замын хөдөлгөөний зохицуулагч гүйцэтгэх ажилтны ажилласан хугацааг нэмж тооцох буюу нэг жилийг 1.3 жилээр тооцно. Түүнчлэн Тахарын албанд ажиллаж байсан албан хаагчдын цолтой холбоотой зохицуулалтуудыг тусгасан аж.

  1. Байгаль хамгаалах сангийн нэр Байгаль орчин, уур амьсгалын сан болж өөрчлөгдөв

Чуулганы үдээс өмнөх нэгдсэн хуралдаанаар Засгийн газрын тусгай сангийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон холбогдох бусад хуулийн төслийг хэлэлцэв.

Хуулийн төсөл батлагдсанаар Засгийн газрын тусгай сангийн нэг төрөл болох Байгаль хамгаалах сангийн нэр Байгаль орчин, уур амьсгалын сан болж өөрчлөгдөх юм байна.

Мөн олон улсын байгууллагын санхүүжилтээр Байгаль орчин, уур амьсгалын сангийн хөрөнгийн зохих хувийг бүрдүүлэх боломж бүрдэхийн сацуу ЖДҮ-ийг хөгжүүлэх сангийн хөрөнгөөс урт хугацааны хөнгөлөлттэй зээл олгохдоо ЖДҮ-ийн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүний баталсан журмын дагуу тухайн зээл олгогдох төслийг сонгон шалгаруулах эрх зүйн зохицуулалттай болж байгаа аж.

Засгийн газрын тусгай сангийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг бүхэлд нь батлах саналыг гишүүд 73.5 хувийн саналаар дэмжсэн бөгөөд холбогдох бусад хуулийн төслүүдийг батлах саналыг мөн дэмжжээ.

  1. Зөвлөлдөх санал асуулгын тухай хуультай боллоо

Улсын Их Хурлын гишүүн Г.Занданшатар нарын 30 гишүүн 2016 оны арванхоёрдугаар сарын 26-нд өргөн мэдүүлсэн Зөвлөлдөх санал асуулгын тухай хуулийн төслийн эцсийн хэлэлцүүлгийг тус хийж, баталлаа.

Хуулийн төсөл батлагдсанаар Монгол Улсын Үндсэн хуулийн Гуравдугаар зүйлд заасан төрийн үйл хэрэгт оролцох иргэдийн эрхийг хангах эрх зүйн шинэ зохицуулалт бий болж, зөвлөлдөх ардчиллыг олон улсын туршлагын дагуу хөгжүүлэх нэг чухал алхам болох юм.

Мөн иргэдийн улс төрийн эрхээ хэрэгжүүлэх, механизм тодорхой болж, иргэдийн нийгмийн идэвхийг сайжруулж, улс, орон нутгийн асуудлыг шийдвэрлэхэд оролцох оролцоог дэмжих ажээ. Хууль тогтоох, гүйцэтгэх болон нутгийн өөрөө удирдах байгууллагын үйл ажиллагаа нь хууль зүйн хүлээн зөвшөөрөгдсөн байдлыг хангахад чухал түлхэц үзүүлэх юм байна.

  1. Хэнтий Хан уулын нэрийг Бурхан Халдун уул гэж өөрчлөв

Чуулганы нэгдсэн хуралдаанаар дараа нь “Хэнтий Хан уулын нэрийг Бурхан Халдун уул гэж өөрчлөх тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийн эцсийн хэлэлцүүлгийг хийж, баталлаа.

Гишүүдийн олонхийн саналаар “Хэнтий Хан уулын нэрийг Бурхан Халдун уул гэж өөрчлөх тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг батлах санал хураалгахад чуулганы нэгдсэн хуралдаанд оролцсон 50 гишүүний 66 хувь нь дэмжлээ. Ингэснээр Хэнтий Хан уулын нэрийг Бурхан Халдун уул гэж өөрчиллөө.

Эх сурвалж. Eagle.mn