Монголын хуульчдын холбооноос хоёр дахь жилдээ “Тогтвортой хөгжлийн зорилтууд-хуульчдын оролцоо” уриан дор хуульчдын форум болж байна.Нийгэм, иргэдийн амьдралд тулгамдаж буй асуудлууд тэдгээрийн хууль зүйн зохицуулалтыг мэргэжлийн түвшинд хэлэлцүүлж, санал зөвлөмж гаргах, хуульчдын дуу хоолойг нийгэм болон бодлого тодорхойлогчдод хүргэх хуульчдын нийгмийн хариуцлагыг дээшлүүлэх зорилготойгоор зохион байгуулж байна. Энэ удаагийн форумын үндсэн хуралдааныг “Үндсэн хуулийн эрх зүй ба цаашдын чиг хандлага” гэсэн сэдвээр явуулж байгаа юм. Мөн дараах найман чиглэлээр салбар хуралдаан болж байна.
“Хараат бус шүүх ба хууль дээдлэх ёс”
“Хуульчийн ёс зүй ба хариуцлага”
“Хүний эрх ба цахим ертөнц”
“Эрүүгийн хууль тогтоомжийн хэрэгжилт,тулгамдаж буй асуудал”
“Үндэстэн дамнасан хууль зүйн туслалцаа”
“Чанартай хууль зүйн боловсрол: магадлан итгэмжлэл ба үргэлжилсэн сургалт”,
“Хөрөнгийн ба санхүүгийн зах зээлийн эрх зүйн хөгжил”
“Хариуцлагатай уул уурхай-Нөхөн сэргээх асуудал
Энэхүү хуульчдын форумаас гарсан санал санаачилга тус бүрийг нэгтгэн зөвлөмж болгон хууль тогтоогч, шийдвэр гаргагч нарт хүргүүлэхийн зэрэгцээ олон нийтэд танилцуулахыг зорьж байгаа аж. Энэхүү форумын хүндэт зочноор Гадаад явдлын сайд асан Ц. Гомбосүрэн уригдаж, эдийн засагч нийтлэлч Д.Жаргалсайхан, уг салбарт нэр хүндтэй тухайн чиглэлээрээ мэргэшсэн хуульч эрдэмтэд форумын илтгэгчээр оролцож байгаа юм. Тухайлбал МУИС-ын Хууль зүйн сургуулийн профессор, хууль зүйн шинжлэх ухааны доктор Ц.Сарантуяа, үндсэн хуулийн цэцийн гишүүн Д.Ганзориг, Хууль зүйн доктор Б.Гүнбилэг, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч, хууль зүйн доктор Ц.Цогт нарын 400 гаруй орчим хуульч оролцож байна.Форумын үеэр шинэ гарсан болон сонирхолтой номын худалдаа зохион байгуулахын зэрэгцээ Монголын хуульчдын холбооны хороод, тамгын газрын мэргэжилтнүүд ажиллаж, хуульчдад татвар, нэгдсэн бүртгэлийн талаар лавлагаа, мэдээлэл өгч үйлчилж байна.
Эх сурвалж: www.mglbar.mn