All posts by acionlawfirm




ШҮҮХИЙН ЗАХИРГААНЫ ТӨЛӨВШЛИЙГ ХЭЛЭЛЦЛЭЭ

Монгол Улсын Шүүхийн ерөнхий зөвлөлийн 25 жилийн ойд зориулсан ‘Шүүхийн захиргааны хөгжлийн чиг хандлага: чиг үүрэг ба загвар” сэдэвт онол практикийн олон улсын бага хурал өнөөдөр боллоо. Шүүхийн захиргааны үйл ажиллагааны өнөөгийн байдал, тулгамдсан асуудал болон шүүхийн захиргааны загварыг боловсронгуй болгох арга замын талаар олон улсын эрдэмтэн, судлаач, шүүхийн захиргааны байгууллагын төлөөлөгчид уг хурлаар илтгэл тавьж хэлэлцүүлсэн юм. Гадаад, дотоодын эрдэмтэн, судлаач болон шүүх, шүүхийн захиргааны байгууллагын төлөөлөгчид илтгэлдээ шүүхийн захиргааны бие даасан загварыг Монголд төлөвшсөнийг хүлээн зөвшөөрч, цаашид энэ загварыг хөгжүүлж бэхжүүлэх шаардлага байгааг онцоллоо.

jAbYNufFyb1528963677_medee2

Монгол Улсын Ерөнхийлөгч Халтмаагийн Баттулга уг хуралд хүрэлцэн ирж, шүүгч, шүүхийн захиргааны ажилтнуудад хандаж мэндчилгээ дэвшүүллээ. Тэрбээр хэлсэн үгэндээ ‘Монгол Улсад шүүхийн нээлттэй, ил тод байдал, шүүхэд итгэх олон нийтийн итгэлийг бэхжүүлэх болон иргэдийн шударга шүүхээр шүүлгэх эрхийг хангахад шүүх, шүүхийн захиргааны байгууллагын хийх ажил дэндүү их байна.

Шүүхийн ерөнхий зөвлөлөөс 25 жилийн ойгоо ажил хэрэгчээр зохион байгуулж, хуримтлуулсан туршлага, алдаа оноогоо хэлэлцэн олон улсын туршлагаас судалж, ирээдүйн чиг хандлага, бодлого зорилтоо тодорхойлох онол-практикийн бага хурал зохион байгуулж байгаад би тун баяртай байна. Туулсан замаа дүгнэж цэгнэх нь ирээдүйн алдаанаас зайлсхийх шалгарсан арга юм. Өнөөдөр Монголын ард түмэн шүүх болон шүүгчдээс шударга ёс, тэгш ялгаварлалгүй хандлагыг юу юунаас ч ихээр хүсэж, шаардаж байгаа. Ард түмнийхээ шаардлагад тэнцэж, өндөр ёс зүйтэй ажиллах, гагцхүү хуульд захирагдах тийм шударга шүүгчийг шалгаруулж, сургаж, дадлагажуулах нь Шүүхийн Ерөнхий зөвлөлийн мөнхийн зорилт байх болно” гэсэн юм.

Монгол Улсын Шүүхийн ерөнхий зөвлөлийн дарга, Шинжлэх ухааны гавьяат зүтгэлтэн Н.Лүндэндорж шүүхийн захиргааны байгууллагын түүхэн ололт, амжилтыг дурдахдаа Шүүхийн захиргааны бие даасан загварыг Монгол Улсад тогтоон хэрэгжүүлж, шинэ ойлголт, соёлыг бий болгож байгаа нь ололт, үр дүн гэж онцоллоо.

JSRMey1528963884_medee9    OUMbXuutlq1528963728_medee1

Эх сурвалж: www.news.mn

 




ЗАХИРГААНЫ ЕРӨНХИЙ ХУУЛЬД ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ХУУЛИЙН ТӨСӨЛД ХУУЛЬЧИД САНАЛ ХҮРГҮҮЛЛЭЭ

Монгол Улсын Их Хурлаас 2015 оны зургадугаар сарын 19-ний өдөр баталж, 2016 оны долдугаар сарын 1-ний өдрөөс эхлэн мөрдөгдөж эхэлсэн Захиргааны ерөнхий хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.7 дахь заалт болон түүний тайлбар, 5 дугаар зүйлийн 5.1.1 дэх заалтыг өөрчлөх хуулийн төсөл боловсруулсныг Хууль зүй, дотоод хэргийн яам албан ёсны цахим хуудсандаа (http://mojha.gov.mn/Bolovsruulj-bui-tusul.html) олон нийтээр хэлэлцүүлэхээр нийтэлсэн байна.

 

Тус хуулийн төсөлтэй холбогдуулан Монголын Хуульчдын холбооны Захиргааны эрх зүйн хорооноос “Захиргааны ерөнхий хуульд өөрчлөлт оруулах нэмэлт өөрчлөлтийн эргэн тойронд” хэлэлцүүлгийг 2018 оны зургадугаар сарын 14-ний өдөр зохион байгуулсан. Уг хэлэлцүүлгээс гарсан хуульчдын саналыг нэгтгэж Хууль зүй, дотоод хэргийн яаманд дараах саналыг хүргүүлжээ.

 

захиргаа_санал

 

захиргаа_санал2

 

Эх сурвалж: www.mglbar.mn




Монгол Улсын 2018 оны төсвийн тухай хуулийн төслийг өргөн мэдүүллээ

         Монгол Улсын Их Хурлын дарга М.Энхболдод өнөөдөр (2017.10.27) Монгол Улсын 2018 оны төсвийн тухай, Нийгмийн даатгалын сангийн 2018 оны төсвийн тухай, Эрүүл мэндийн даатгалын сангийн 2018 оны төсвийн хуулийн төслүүдийг Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх өргөн мэдүүллээ.

ТӨСВИЙН ОРЛОГЫН ЧИГЛЭЛЭЭР АВЧ ХЭРЭГЖҮҮЛЭХ АРГА ХЭМЖЭЭ

Төсвийн орлогод учирч болзошгүй эрсдэлийг тооцон, төсвийн орлогыг бодитойгоор төсөөлж, боломжит эх үүсвэрийг дайчлан, төсвийн орлогын бааз суурийг нэмэгдүүлнэ.

Ашигт малтмалын тусгай зөвшөөрөл болон газартай холбоотой эрх шилжүүлэх ажил гүйлгээнд ногдуулах татварын харилцааг боловсронгуй болгоно.

Газар ашиглах, эзэмших эрх, ашигт малтмалын тусгай зөвшөөрлийн олголт, шилжүүлэг, далд худалдаатай холбогдон үүсдэг маргаантай асуудлуудыг цогц байдлаар шийдвэрлэн ил тод, нээлттэй байдлыг бий болгох замаар төсвийн орлогын нэмэлт эх үүсвэрийг бүрдүүлнэ.
Тухайлбал, ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрлийг нээлттэй сонгон шалгаруулалтаар, газар ашиглах, эзэмших эрхийг дуудлага худалдаагаар олгохоор хуульчилж байгаа нь ард иргэдийн дунд үүсдэг эргэлзээтэй, ойлгомжгүй байдлыг бууруулж, тусгай зөвшөөрөл, эрх олгох ажиллагааг ил тод, нээлттэй явуулах нөхцөлийг бүрдүүлж байна.
Ашигт малтмалын тусгай зөвшөөрөл болон газар ашиглах, эзэмших эрхийн үндсэн ашиг хүртэгч, эцсийн эзэмшигчид, тэдгээрийн шууд болон шууд бус шилжилт хөдөлгөөний мэдээллийг бүртгэн, ил тод болгох замаар хууль бус, далд хэлбэрээр тусгай зөвшөөрөл, эрх шилжүүлэхэд ногдуулах татварын харилцааг боловсронгуй болгож байна. Үүний дагуу ногдуулах татварыг тайлагнаагүй, холбогдох мэдээллийг нуун дарагдуулсан тохиолдолд тусгай зөвшөөрөл, газрын эрх цуцлагдах тул тусгай зөвшөөрөл, газрын далд, хууль бус арилжаа буурах ач холбогдолтой юм.

ТӨСВИЙН ЗАРЛАГЫН ЧИГЛЭЛД ДАРААХ АРГА ХЭМЖЭЭГ ХЭРЭГЖҮҮЛНЭ

  1. Засгийн газрын мөрийн хөтөлбөрт тусгасан зорилтыг хэрэгжүүлэх бодлогын арга хэмжээ:
  • Боловсролын салбарт ирэх хоёр жилд “Хүүхэд бүр цэцэрлэгт” хөтөлбөрийг хэрэгжүүлж, 3 ээлжээр хичээллэдэг ерөнхий боловсролын сургуулиудыг 2 ээлжид бүрэн шилжүүлж ачааллыг бууруулна. Засгийн газраас 2020 онд хүн ам төвлөрсөн хот суурин газарт хүүхэд бүр цэцэрлэгт хамрагдах боломжийг 100 хувь бүрдүүлэх, ерөнхий боловсролын сургуулийн өндөр ачааллыг бууруулах зорилгоор тэргүүн ээлжид нийслэлийн 3 ээлжээр хичээллэж байгаа 28 сургуулийг 2 ээлжид шилжүүлэх, орон нутагт сургуулийн дотуур байранд хүүхдийн эрүүл, аюулгүй орчинд сурч боловсрох орчин нөхцөлийг бүрдүүлэх, цэцэрлэгийн 80 хувиас дээш гүйцэтгэлтэй дутуу барилгын санхүүжилтийг бүрэн шийдвэрлэж ашиглалтад оруулна. Энэ зорилтыг хангахын тулд боловсролын салбарт нийт 236.9 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт хийх ба 59 сургуулийг шинээр барьж эхлүүлэхэд 61.2 тэрбум төгрөг, 90 цэцэрлэгийн барилгыг шинээр барьж эхлүүлэхэд 62.4 тэрбум төгрөгийг төсөвлөв. Ингэснээр Улаанбаатар хотын 7 дүүрэгт 36 сургууль, 47 цэцэрлэг, орон нутагт 23 сургууль, 43 цэцэрлэгийн барилгын хөрөнгө оруулалтын санхүүжилтийг шийдвэрлэнэ. Мөн АХБ-ны 50 сая ам.долларын хөнгөлөлттэй зээлийн төсөл болон БНХАУ-ын Засгийн газрын 300 сая юанийн буцалтгүй тусламжийн эх үүсвэрийг дайчилж, 2019-2020 оны хичээлийн жилд ерөнхий боловсролын сургууль, цэцэрлэгийн тэгш хүртээмжийг хангана.
  • Оюутны хөгжлийн зээлийг хүртээмжтэй, саадгүй олгох нөхцөл журмыг бүрдүүлж их дээд сургуульд суралцагч болон тэдний өрх гэрт учирч буй төлбөрийн дарамтыг арилгана. Их дээд сургуульд суралцагч оюутны сургалтын төлбөрөөс эцэг эх, гэр бүлд үүсэх санхүүгийн дарамтыг арилгах зорилтыг хэрэгжүүлэхийн тулд зээлд хамрагдах нөхцөл, шаардлагыг хөнгөвчлөх, зээлийн эргэн төлөлтийн эрсдэлийг арилжааны банканд үүрүүлэх бус Боловсролын зээлийн санд хариуцуулж, үйлчилгээг шуурхай хүргэх, мөн зээлийн эргэн төлөгдөх хугацааг тухайн суралцагч оюутан суралцаж төгсөөд 5-10 хүртэлх жилийн хугацаанд мэргэжлээрээ ажил хөдөлмөр эрхлэх явцад бүрэн төлж барагдуулах бололцоотой байхаар тооцож нэмэгдүүлэх зэрэг бодлого, зохион байгуулалтын өөрчлөлтийг Засгийн газраас 2017 онд багтаан хэрэгжүүлнэ. Эдгээр арга хэмжээг авсны үр дүнд Боловсролын зээлийн сангаас дотоодын их дээд сургуульд элсэн суралцагч нийт 35-37 мянга очим оюутныг сургалтын төлбөрийн хөнгөлөлттэй, урт хугацааны зээлд хамрагдах нөхцөл бүрдэж, төлбөрийн дарамтгүй суралцах боломж бүрдэнэ. Ингэснээр 2018 онд нийт 75 тэрбум төгрөгийг оюутны хөгжлийн зээлд зарцуулна.
  • Эрүүл мэндийн даатгалын сан,  эрүүл мэндийн салбарын зарим байгууллагыг бие даан ажиллах нөхцөлийг бүрдүүлэх замаар эрүүл мэндийн санхүүжилт нь иргэдэд хүргэх тусламж үйлчилгээний бодит хэрэгцээ шаардлагад нийцсэн тогтолцоог бүрдүүлнэ. Эрүүл мэндийн салбарын хөрөнгө, нөөцийн хуваарилалт, худалдан авах үйл ажиллагааг сайжруулах зорилгоор Эрүүл мэндийн даатгалын санг 2018 оны 1 сарын 1-ний өдрөөс эхлэн бие даан үйл ажиллагаагаа явуулахаар тооцож Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайдын багцаас Эрүүл мэндийн сайдын багцад холбогдох орон тоо, зардал, хөрөнгө болон орлого, эх үүсвэрийг шилжүүлэх зохицуулалт хийнэ. Түүнчлэн төрийн өмчийн эмнэлгүүдийн бие даасан байдлыг хангах, санхүү, төсвийн талаарх шийдвэр гаргах эрх мэдлийг тухайн эмнэлгийн удирдах зөвлөлд хариуцуулах, улсын төсвөөс санхүүжих эрүүл мэндийн тусламж үйлчилгээг бодит гүйцэтгэлд үндэслэн санхүүжүүлэх бодлогын өөрчлөлтийг 2018-2019 онуудад бүрэн нэвтрүүлж, хэрэгжүүлнэ. Эдгээр өөрчлөлтийн үр дүнд эрүүл мэндийн тусламж, үйлчилгээ хүргэгч байгууллагуудын дунд өмчийн хэлбэр харгалзахгүйгээр шударга өрсөлдөөн бий болох, эрүүл мэндийн даатгалын сан болон улсын төсвөөс авах санхүүжилт нь үйлчилгээ хүргэсэн иргэд, даатгуулагчийн эрэлт, хэрэгцээнд бүрэн нийцэх, улмаар ачаалал өндөр эмнэлгүүдийн санхүүжилт мөн хэмжээгээр нэмэгдэх, нэмэгдсэн эх үүсвэрээр тухайн эмнэлгийн боловсон хүчин, тусламж үйлчилгээ үзүүлэх хүчин чадлаа нэмэгдүүлэх хөрөнгө оруулалтаа шийдвэрлэх зэрэг бодит боломж нөхцөл бүрдэнэ гэж үзэж байна.
  • Улаанбаатар хотын цэвэрлэх байгууламжийг шинэчилнэ. Улаанбаатар хотын агаар, орчны бохирдлыг бууруулах зорилгоор Төв цэвэрлэх байгууламжийн шинэчлэлтийн ажлыг урт  хугацаат  хөнгөлөлттэй зээлээр хэрэгжүүлнэ. Шинэ цэвэрлэх байгууламжийг ашиглалтад орох хүртэл хугацаанд одоогийн цэвэрлэх байгууламжийн хуримтлагдсан лагийн ариутгал, халдваргүйтгэл, тэгшилгээг хийж, хөрсжүүлэн нөхөн сэргээж, үнэргүйжүүлэхэд зориулж 35.0 тэрбум төгрөгийн өртөг бүхий төсөл, арга хэмжээг үе шаттай хэрэгжүүлэх ба  ирэх онд 10.0 тэрбум төгрөг зарцуулна.
  • “Цалинтай ээж” хөтөлбөрийг хэрэгжүүлж эхэлнэ. Холбогдох хуулийн дагуу 0-3 хүртэл насны хүүхдээ асарч байгаа эхэд сар бүр, түүнчлэн  гурав болон түүнээс дээш 0-18 насны хүүхэдтэй өрх толгойлсон эх, эцэгт улирал бүр тэтгэмж олгох ба тэтгэмжийн хэмжээг хүүхдээ асарч байгаа эхэд сарын 50.0 мянган төгрөг буюу улиралд 150.0 мянган төгрөг, өрх толгойлсон эх/эцэгт улиралд 240.0 мянган төгрөгөөр буюу хөдөлмөрийн хөлсний доод хэмжээгээр тооцож нийт 72.8 тэрбум төгрөг зарцуулна.
  • Тэтгэврийн хэмжээг инфляцтай уялдуулан индексжүүлж нэмэгдүүлнэ. Нийгмийн даатгалын сангаас олгож буй бүх төрлийн тэтгэврийг 2018 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс нэмэгдүүлнэ. Энэ хүрээнд нийт 393.6 мянган хүний авч байгаа тэтгэврийн хэмжээг инфляцын түвшинтэй уялдуулан нэмэгдүүлэхэд нийт 119.5 тэрбум төгрөг, нийгмийн халамжийн сангаас тэтгэвэр авдаг 62.7 мянган хүний авч байгаа тэтгэврийн хэмжээг нэмэгдүүлэхэд 17.4 тэрбум төгрөг тус тус нэмж зарцуулна.
  • Төрийн албан хаагчдад сахилга, хариуцлага, ажлын үр дүнгийн урамшуулал олгоно. Төрийн албан хаагчдын жилийн эцсийн үйл ажиллагааны үр дүнгийн болон хөдөлмөрийн гэрээг дүгнэж, ажлын бүтээмж, үр дүн, сахилга, хариуцлага, албан даалгаврын хэрэгжилт зэргийг харгалзан үр дүнгийн урамшуулал олгоход зориулан 56.2 тэрбум төгрөг төлөвлөв.

     2.ТӨСВИЙН ТОГТВОРТОЙ БАЙДЛЫГ ХАНГАХ ТАЛААР  ХЭРЭГЖҮҮЛЭХ БОДЛОГО

Хүүхдийн мөнгө хөтөлбөрийг зорилтод бүлэгт чиглүүлнэ. Өргөтгөсөн санхүүжилтийн хөтөлбөрийн эхний шатны үнэлгээний хүрээнд 2018 онд хүүхдийн мөнгөн тэтгэмжийг  нийт хүүхдийн 60 хувийг хамруулахаар тохирсны дагуу ирэх жилд нийт 684.0 мянган хүүхдэд олгохоор тооцож 164.2 тэрбум  төгрөг тусгав.
Цаашид хүүхдийн мөнгөн тэтгэмжид хамрагдах хүрээг 80 хүртэл хувьд хүргэн нэмэгдүүлэх боломжийг судалж шийдвэрлэхээр ажиллаж байна. Ингэхдээ хүүхдийн мөнгөн тэтгэмжид хамрагдах өрх гэрийг сонгож буй одоогийн аргачлалыг өөрчилж тухайн өрхийн тогтвортой буюу байнгын шинж чанартай орлогын эх үүсвэрт үндэслэн тодорхойлох аргачлалыг шинэчлэн боловсруулах шаардлагатай байна.

 Гадаад зээл, өрийн чиглэлд 

Засгийн газрын дотоод үнэт цаасны гаргалтыг бууруулахаас гадна дотоодын банкнуудад арилжаалж буй өндөр хүүтэй үнэт цаасны хэмжээг багасгаж, хүүгийн түвшнийг бууруулах, гадаад дотоодын иргэн, компаниуд зэрэг бусад хөрөнгө оруулагчдын хамрах хүрээг нэмэгдүүлэх замаар өмнөх Засгийн газрын өргөн барьсан 2018 оны төсвийн төслөөс засгийн газрын өрийн үйлчилгээний төлбөрийг даруй 130.0 тэрбум төгрөгөөр бууруулан 1,150.7 тэрбум төгрөг байхаар төсөлд туссан байна.
Нэгдсэн төсвийн үр дүнгийн үзүүлэлт:
Төсвийн зарчмуудыг баримтлан, дээр дурдсан голлох өөрчлөлтүүдийг оруулан тооцоход Монгол Улсын 2018 оны нэгдсэн төсвийн тэнцвэржүүлсэн орлого 7,231.4 тэрбум төгрөг буюу ДНБ-ий 23.8  хувь, нэгдсэн төсвийн нийт зарлага 9,651.9 тэрбум төгрөг буюу ДНБ-ий 31.8 хувь, нэгдсэн төсвийн нийт алдагдал 2,420.4 тэрбум төгрөг буюу ДНБ-ий 8.0 хувь болж нийт алдагдал 2017 оноос ДНБ-ий 1.5 хувиар буурахаар байна гэж төсөлд дурдсан байна хэмээн УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.
Эх сурвалж: ikon.mn



ХӨДӨЛМӨРИЙН ТУХАЙ ХУУЛЬД НЭМЭЛТ ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛЖЭЭ

Монгол Улсын Их хурлын 2017 оны 04 дүгээр сарын 21-ний өдрийн хуралдаанаар “Хөдөлмөрийн тухай” хуульд нэмэлт өөрчлөлт оруулсан байна. Уг өөрчлөлтөөр “туршилтын хугацаа” 6 сараас илүүгүй байна гэж заасан байсныг өөрчилж 3 сар хүртэл байхаар, дагалдан ажиллах тохиолдолд хугацаа 3 сар хүртэл байхаар, түүнчлэн ажил олгогч цагаар ажиллах ажилтан ажиллуулж болохоор хуульчилжээ.

231 дүгээр зүйл. Туршилтын хугацаа:

231.1. Ажилтныг ажилд авахдаа мэргэжлийн ур чадвар, ажлын дадлага, туршлага тухайн ажлыг гүйцэтгэхэд тохирох эсэхийг шалгах зорилгоор туршилтын хугацаа тогтоож болно.

231.2. Хөдөлмөрийн гэрээнд туршилтын хугацааг талууд харилцан тохиролцох бөгөөд туршилтын хугацаа гурван сар хүртэл байна.

231.3. Хөдөлмөрийн гэрээнд туршилтын хугацааг заагаагүй бол ажилтныг туршилтын хугацаагүйгээр ажилд авсанд тооцно.

23дугаар зүйл. Дагалдан ажиллуулах хугацаа5

232.1. Ажилтныг мэргэжлийн ур чадвар, дадлага, туршлага эзэмшүүлэх зорилгоор дадлага, туршлагатай ажилтныг дагалдан ажиллуулж болно.

232. 2. Дагалдан ажиллуулах хугацаа гурван сар хүртэл байна.

23дугаар зүйл. Цагаар ажиллах:

233.1. Ажил олгогч цагаар ажиллах ажилд ажилтан авч ажиллуулж болно.

233.2. “Цагаар ажиллах” гэж ажил олгогчоос тодорхой ажил, үүргийг биечлэн гүйцэтгүүлж, гүйцэтгэсэн ажлын хэмжээ, ажилласан цагт нь тохирсон цалин хөлсийг тухай бүр тооцож олгохыг хэлнэ.

233.3. Цагаар ажиллах ажилтантай байгуулах хөдөлмөрийн гэрээнд гүйцэтгэх ажил үүрэг, ажлын цаг, хөдөлмөрийн нөхцөл, цалин хөлсийг талууд харилцан тохиролцож тусгана,гэж заасан шинэ нэмэлт өөрчлөлтийг 2017 оны 4 сарын 21-ний өдөр хөдөлмөрийн тухай хуулинд оруулсан байна.

 




ХЗДХ-ийн сайд Ц.Нямдорж тамгаа хүлээж авлаа

e7391d4e2de117a504cef355b0961551eca5285d

Хууль зүй, дотоод хэргийн сайдаар томилогдсон УИХ-ын гишүүн Ц.Нямдорж Хууль зүй, дотоод хэргийн сайд асан С.Бямбацогтоос өнөөдөр тамгаа хүлээн авч үүрэгт ажилдаа орлоо. Тамга хүлээлцэх үеэр Хууль зүй, дотоод хэргийн сайд асан С.Бямбацогт хэлэхдээ “Өнгөрсөн хугацаанд Хууль зүй, дотоод хэргийн яам олон ажлыг хийж, хэрэгжүүлсэн. Туршлагатай, чадвартай сайд ирж байгаа учраас энэ эрчийг алдахгүй яамныхантайгаа гар сэтгэл нийлж ажиллаж чадна гэдэгт итгэлтэй байна” гэлээ.

Хууль зүй, дотоод хэргийн сайд Ц.Нямдорж өнгөрсөн хугацаанд салбарт хийж гүйцэтгэсэн ажлыг өндрөөр үнэлж, цаашдын ажилд нь амжилт хүсч, УИХ-ын түвшинд С.Бямбацогт гишүүнтэй хамтран ажиллахаа илэрхийлэв.

 

эх сурвалж: www.eagle.mn




У.Хүрэлсүх: 0-15 насны хүүхдийн гэмтлийн зэрэг тогтооход хураамж авдаг журмыг цуцална

be3c31ef2c281d59caf6c93bbea43060541b9b05

УИХ-ын нэгдсэн хуралдаанаар яг одоо Шадар сайд Ө.Энхтүвшинг Шадар сайдаар томилох асуудлыг хэлэлцэж байна. Чуулганы нэгдсэн хуралдаанд оролцож буй гишүүд санал хураалт явуулахын өмнө гишүүд нэр дэвшигчээс асуулт асууж байгаа юм.

Энэ үеэр УИХ-ын гишүүн М.Оюунчимэг “Хүчирхийлэлд өртөөд эмнэлэгт үзүүлэхээр очсон хүүхдээс 10 мянган төгрөг нэхсэн асуудал гарсан. Засгийн газар, Ерөнхий сайд та үүнийг хэрхэн анхаарч байна вэ” хэмээн Ерөнхий сайд У.Хүрэлсүхээс асуулаа.

Харин Ерөнхий сайд У.Хүрэлсүх “Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнд үзлэгт орохоор очсон 0-15 насны хүүхдээс хураамж авахаа болино. Ардын Засгийн газрын анхны хуралдаанаар Эрүүл мэндийн сайд, ХЗДХ-ийн сайд, Сангийн сайдын хамтарсан энэхүү журмыг цуцална” гэлээ.

Эх сурвалж: http://eagle.mn/r/35603




Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг баталлаа

УИХ-ын чуулганы хуралдаанаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон холбогдох бусад хуулийн төслүүдийн эцсийн хэлэлцүүлгийг хийлээ. Хуулийн төслүүдийг эцсийн хэлэлцүүлэгт бэлтгэсэн талаархи Хууль зүйн байнгын хорооны санал, дүгнэлтийг УИХ-ын гишүүн Н.Учрал танилцуулав.

99475c30-986d-476a-9936-dd7f4b8d51bb

“Тэрбээр, Хууль зүйн байнгын хороо 2017 оны тавдугаар сарын 17-ны өдрийн хуралдаанаараа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон холбогдох бусад хуулийн төслүүдийн эцсийн хэлэлцүүлгийг хийж, төслийн агуулга, зарчмыг алдагдуулахгүйгээр үг хэллэг, дэс дараалал, бүтцийн шинжтэй засварыг хийж төсөлд тусгасан бөгөөд нэгдсэн хуралдааны анхны хэлэлцүүлгээр олонхийн дэмжлэг авсан саналуудыг төсөлд нэмж тусган эцсийн хувилбарын төслийг бэлтгэлээ.

Байнгын хорооны хуралдаанаар Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.2 дахь хэсэгт заасны дагуу холбогдох зарчмын зөрүүтэй саналуудыг хэлэлцсэн бөгөөд хуралдаанд оролцсон гишүүдийн дийлэнх олонхи дэмжсэн гэлээ.”

 

Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан УИХ-ын гишүүн О.Баасанхүү, Д.Пүрэвдорж нар асуулт асууж, хариулт авсаны дараа зарчмын зөрүүтэй саналын томьёоллуудаар санал хураалт явуулав. Тухайлбал, төслийн 6.1 дүгээр зүйлийн “Улсын ерөнхий прокурорын дэргэдэх мөрдөн байцаах алба нь Эрүүгийн хуулийн Хорин нэгдүгээр бүлэгт заасан хэрэг шалган шийдвэрлэх ажиллагааны эсрэг гэмт хэрэгт хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалт явуулна.” гэсэн хэсгийг хасах саналыг хуралдаанд оролцсон гишүүдийн олонхи дэмжсэн. Мөн төслийн 7.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг “1.Яллагдагч эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны талаар шүүх, прокурор, мөрдөгчөөс энэ хуульд заасны дагуу өгөхийг зөвшөөрсөн мэдээллийг авах эрхтэй.

Яллагдагч  монгол хэл, бичиг мэдэхгүй бол өөрийн эх хэл, эсхүл мэдэх хэл, бичгээр, хараа, сонсгол, хэл ярианы бэрхшээлтэй бол дохио зангаа, тусгай тэмдэгт ашиглан орчуулагч, хэлмэрчийн тусламжтайгаар энэ зүйлийн 1 дэх хэсэгт заасан мэдээллийг авах эрхтэй” гэж өөрчлөн найруулах санал дэмжигдсэн.

Төслийн 13.5 дугаар зүйлд “Энэ хуулийн 13.4 дүгээр зүйлийн 7 дахь хэсэгт зааснаар прокурор хүсэлт гаргасан бол энэ зүйлд заасан шүүхийн хэлэлцүүлэгт өмгөөлөгчийг оролцуулахгүй.”, төслийн         22.1 дүгээр зүйлд “Мөрдөн шалгах ажиллагааг хэрэгжүүлэхтэй холбоотой журмыг Улсын ерөнхий прокурор батална” гэсэн хэсэг нэмэх саналуудыг гишүүдийн олонхи дэмжлээ.

fcc88270-6497-4349-9b6a-388a98d4df03

Төслийн 26.7 дугаар зүйлийн 2 дахь хэсгийг өөрчлөн найруулсан. Ингэснээр дээрх хэсэг “3охион байгуулалттай гэмт бүлгийн үйлдсэн гэмт хэрэг, Эрүүгийн хуулийн 10.1/Хүнийг алах/, 17.1 дүгээр зүйлийн 2, 3 дахь хэсэг/Хулгайлах/, 17.12 дугаар зүйлийн 2, 3 дахь хэсэг/Мал хулгайлах/, 19 дүгээр бүлэг/Үндэсний аюулгүй байдлын эсрэг гэмт хэрэг/, 20.7/Мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисыг хууль бусаар ашиглах/, 20.8/Мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэх орон байраар хангах/, 20.9/Мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисыг завших/, 20.10/Мансууруулах үйлчилгээ бүхий ургамлыг хууль бусаар тариалах/ дугаар зүйл, 29 дүгээр бүлэг/Хүн төрөлхтний аюулгүй байдал, энх тайвны эсрэг гэмт хэрэг/-т заасан гэмт хэргийг илрүүлэхээс бусад үндэслэлээр цагдан хорих байранд мөрдөн шалгах нууц ажиллагаа явуулахыг хориглоно” хэмээн өөрчлөгдөж байгаа юм.

Зарчмын зөрүүтэй саналын томьёоллуудаар санал хураалт явуулж дуусан хуулийн төслүүдийг хуралдаанд оролцсон гишүүдийн олонхийн саналаар баталлаа.

 

Эрүүгийн хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийг баталлаа

Мөн хуралдаанаар Эрүүгийн хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон “Хууль баталсантай холбогдуулан авах зарим арга хэмжээний тухай” УИХ-ын тогтоолын төслийн анхны хэлэлцүүлгийг хийлээ. Хууль зүйн байнгын хорооны санал, дүгнэлтийг УИХ-ын гишүүн Н.Учрал танилцуулсан юм.

Хууль зүйн байнгын хороо 2017 оны тавдугаар сарын 17-ны өдрийн хуралдаанаараа Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.5 дахь хэсэгт “Төслийн анхны хэлэлцүүлгээр санал хурааж шийдвэрлэсэн зарчмын зөрүүтэй санал нь бусад хуулийн заалттай зөрчилдвөл Байнгын хороо эцсийн хэлэлцүүлэгт бэлтгэхдээ холбогдох бусад хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах хуулийн теслийг хамтад нь хэлэлцүүлж болно.” гэж заасны дагуу Эрүүгийн хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг, мөн хуулийн 24 дүгээр зүйлийн 24.6 дахь хэсэгт “Улсын Их Хурал шаардлагатай гэж үзвэл хууль, Улсын Их Хурлын бусад шийдвэрийг хэрэгжүүлэх арга хэмжээний тухай тогтоол, уг хуулийг дагаж мөрдөх журмын тухай хууль болон энэ хуулийн 23.5-д заасан бусад хууль тогтоомжид нэмэлт, өөрчлөлт оруулах төслийг мөн хуулийн 21-24 дүгээр зүйлд заасан журмын дагуу хэлэлцэн баталж болно.” гэж заасны дагуу “Хууль баталсантай холбогдуулан авах зарим арга хэмжээний тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг тус тус хэлэлцэн боловсруулжээ.

Байнгын хорооны хуралдаанаар дээрх хууль тогтоомжийн төслүүдийн анхны хэлэлцүүлгийг хийх үед УИХ-ын гишүүн Б.Дэлгэрсайхан дээрх төслүүдийг анхны хэлэлцүүлгээр нь батлах горимын санал гаргасныг хуралдаанд оролцсон гишүүдийн олонхи дэмжсэн байна.

Хууль, тогтоолын төсөлтэй холбогдуулан УИХ-ын гишүүн О.Баасанхүү, Х.Баделхан, Д.Лүндээжанцан нар асуулт асууж, байр сууриа илэрхийлсэн.

2015 оны 12 дугаар сарын 03-ны өдөр баталсан Эрүүгийн хуулийн 1.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийг “Гэмт хэргийн хөөн хэлэлцэх хугацааг гэмт хэрэг үйлдсэн өдрөөс эхлэн анхан шатны шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болох хүртэл тоолно. Яллагдагч, шүүгдэгч оргон зайлсан бол хөөн хэлэлцэх хугацаа тоолохыг оргон зайлсан өдрөөс зогсоож уг этгээд баригдсан, эсхүл хэргээ өөрөө илчилж ирсэн өдрөөс хөөн хэлэлцэх хугацааг сэргээн тоолно” хэмээн өөрчлөн найруулахаар дээрх хуулийн төсөлд тусгажээ.

cac5597f-b13a-4dba-bff9-f10f24ea4f63

Харин тогтоолын төсөлд Эрүүгийн хууль /Шинэчилсэн найруулга/, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай  хууль  /Шинэчилсэн найруулга/,  Зөрчлийн тухай хууль /Шинэчилсэн найруулга/, Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийг баталсантай холбогдуулан шүүх, прокурор болон холбогдох бусад байгууллагын албан хаагч, ажилтан, иргэн, хуулийн этгээдэд хуулиудыг сурталчлан таниулах, сургалт зохион байгуулах арга хэмжээг зохион байгуулах, Зөрчлийн тухай хууль /Шинэчилсэн найруулга/, Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийг баталсантай холбогдуулан хууль хоорондын давхардал, зөрчлийг арилгах үүднээс холбогдох хуулийн төслийг Хууль тогтоомжийн тухай хуульд заасан журмын дагуу боловсруулж Улсын Их Хуралд өргөн мэдүүлэхийг Засгийн газарт даалгахаар тусгасан байна.

 

Мөн дээрх хуулиудыг баталсантай холбогдуулан Монгол Улсын дээд шүүх Үндсэн хуулиас бусад хуулийг зөв хэрэглэх талаар албан ёсны тайлбар гаргах тухай Үндсэн хуулиар олгогдсон бүрэн эрхийг хэрэгжүүлэхтэй холбоотой асуудлыг зохицуулсан Монгол Улсын шүүхийн тухай хуульд өөрчлөлт оруулах хуулийн төслийг боловсруулж Улсын Их Хуралд өргөн мэдүүлэхийг даалгажээ.

Дээрх хууль, тогтоолын төслийг анхны хэлэлцүүлгээр батлах горимын гишүүдийн дэмжлэгийг авсан бөгөөд хуралдаанд оролцсон гишүүдийн олонхийн саналаар хууль, тогтоолын төслийг эцэслэн баталлаа хэмээн УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ. 

 

 




Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах төсөл бэлэн болов

Монгол улсын Ерөнхийлөгчийн сонгуультай хамт Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах ард нийтийн санал асуулга явуулах нь зүйтэй хэмээн эрх баригчид байр сууриа илэрхийлж байна. Үндсэн хуульд оруулах нэмэлт өөрчлөлтийн төслийг олон нийтэд танилцуулав.

7(371)

1 дүгээр зүйл. Монгол Улсын Үндсэн хуульд дор дурдсан агуулагатай дараахь зүйл, хэсэг нэмсүгэй:
1/Хорин наймдугаар зүйлийн 3, 4 дэх хэсэг:
“3 Улсын Их Хурал нийтийн ашиг сонирхлыг хөндсөн тодорхой асуудлаар хянан шалгах түр хороо байгуулж болно. Улсын Их Хурлын нийт гишүүдийн дөрөвний нэгээс доошгүй нь уг хороог байгуулах тухай саналыг албан ёсоор тавибал Улсын Их Хурлын дарга түр хороо байгуулна.
4.Хянан шалгах түр хороо байгуулах, ажиллах журмыг хуулиар тогтооно.”
2/Дөчин зургадугаар зүйлийн 4, 5 дахь хэсэг:
“4.Төрийн жинхэнэ алба нь мэргэшсэн, тогтовортой байх, шатлан дэвших зарчимд үндэслэх бөгөөд түүний хэрэгжилтэд төрийн албаны төв байгууллага хяналт тавина.
5.Төрийн албан хаагчийг улс төрийн шалтгаанаар ялгарварлан гадуурхах, сонгуулийн үр дүнгээр болон хуульд зааснаас бусад үндэслэлээр төрийн албанаас халах чөлөөлөхийг хориглоно.”
3/Хорин тав1 дүгээр зүйл:
Хорин тав1 дүгээр зүйл

“1.1.Хууль, Улсын Их Хурлын бусад шийдвэрийн биелэлтийг хянан шалгах Улсын Их Хурлын бүрэн эрхийг хэрэгжүүлэхэд дэмжлэг үзүүлэх, дүгнэлт гаргах эрх бүхийн төрийн хяналтын байгууллага нь хуульд заасан үндэслэл болон Улсын Их Хурлын үүрэг болгосноор гүйцэтгэх эрх мэдлийн байгууллага, нутгийн захиргааны байгууллага, төрийн өмчит хуулийн этгээд болон хуульд заасан бусад байгууллага, албан тушаалтны санхүү, төсвийн сахилга, үйл ажиллагааны болон хариуцлагын хяналтыг хараат бусаар хэрэгжүүлнэ.
2.Төрийн хяналтын байгууллагын тогтолцоо, зохион байгуулалт, үйл ажиллагааны эрх зүйн үндсийг хуулиар тогтооно.”

 

2 дугаар зүйл. Монгол Улсын Үндсэн хуулийн Хорин тавдугаар зүйлийн 1 дэх хэсгийн 7 дахь заалтад “Улсын Их Хурал улсын төсвийг хэлэлцэн батлах явцдаа Засгийн газрын санал авалгүйгээр зардлын шинэ төрөл үүсгэх, зарлага нэмэгдүүлэхийг хориглоно.” гэсэн хоёр дахь өгүүлбэр, Тавин наймдугаар зүйлийн 1, 2 дахь хэсэг, Тавин есдүгээр зүйлийн 2 дахь хэсэг, Жардугаар зүйлийн 1 дэх хэсэг, Жаран гуравдугаар зүйлийн 1 дэх хэсгийн “нийслэл” гэсний дараа “хот” гэж тус тус нэмсүгэй.

 

3 дугаар зүйл. Монгол Улсын Үндсэн хуулийн дараахь хэсэг заалтыг дор дурдсанаар өөрчлөн найруулсугай:
1/Хорин хоёрдугаар зүйлийн 2 дахь хэсэг:
“2.Монгол Улсын Ерөнхийлөгч дараахь тохиолдолд Улсын Их Хурлыг тараах шийдвэр гаргана:
1/Улсын Их Хурал бүрэн эрхээ хэрэгжүүлэх боломжгүй гэж нийт гишүүний гуравны хоёроос доошгүй нь үзсэн,
2/Улсын Их Хурлын анхдугаар чуулган хуралдсанаас хойш 30 хоног, эсхүл Ерөнхий сайдын бүрэн эрх дуусгавар болсноос хойш 21 хоногийн дотор Ерөнхий сайдыг сонгох асуудлыг хэлэлцэн шийдвэрлэж чадаагүй.”
2/Хорин зургадугаар зүйлийн 2 дахь хэсэг:
“1.Улсын Их Хурлын гишүүн болон Засгийн газар хууль санаачлах эрх эдэлнэ.”
3/Хорин долдугаар зүйлийн 2 дахь хэсэг
“2.Улсын Их Хурлын ээлжит чуулган хагас жил тутамд нэг удаа далан таваас доошгүй ажлын өдөр чуулна.”
4/Хорин долдугаар зүйлийн 6 дахь хэсэг:
“6.Улсын Их Хурлын чуулганы болон Байнгын хорооны хуралдааныг гишүүдийн олонхи нь хүрэлцэн ирснээр хүчинтэйд үзэж, хуралдаанд оролцсон гишүүдийн олонхийн саналаар асуудлыг хэлэлцэн шийдвэрлэнэ. Хуралдаанд оролцсон гишүүдийн дийлэнх олонхийн саналаар хуулийг эцэслэн батална. Ерөнхий сайдыг томилох тухай асуудал, түүнчлэн хуульд өөрөөр заагаагүй бол бусад асуудлыг саналаа илээр гаргаж шийдвэрлэнэ.”
5/Гучин есдүгээр зүйлийн 1 дэх хэсэг:
“1.Засгийн газар Ерөнхий сайд, гишүүдээс бүрдэнэ. Ерөнхий сайд болон Засгийн  газрын нийт гишүүний гуравны нэг нь Улсын Их Хурлын гишүүн байж болно.”
6/Гучин есдүгээр зүйлийн 3 дахь хэсэг:
“3.Ерөнхий сайд Засгийн газрын гишүүнийг томилсон, чөлөөлсөн, огцруулсан шийдвэрийг Ерөнхийлөгч, Улсын Их Хуралд танилцуулснаас хойш Ерөнхийлөгч 72 цагийн дотор уг шийдвэрийг батламжилна.”
7/Дөчин гуравдугаар зүйлийн 4 дэх хэсэг:
“4.Улсын Их Хурлын гишүүний дөрөвний нэг нь Ерөнхий сайдыг огцруулах саналыг өргөн мэдүүлсэн тохиолдолд Улсын Их Хурал уг асуудлыг хэлэлцэн шийдвэрлэнэ. Улсын Их Хурлын нийт гишүүний олонхи нь Ерөнхий сайдыг огцруулах саналыг дэмжсэн бол шинэ Ерөнхий сайдыг томилох асуудлыг долоо хоногийн дотор хэлэлцэн шийдвэрлэнэ.”
8/Дөчин зургадугаар зүйлийн 1 дэх хэсэг:
“1.Монгол Улсын яам, төрийн бусад албан газрыг хуулийн дагуу байгуулна. Засгийн газар дор дурдсан үндсэн чиг үүргийн яамтай байна:
1/Хууль зүй, дотоод хэргийн яам,
2/Сангийн яам,
3/Гадаад хэргийн яам,
4/Батлан хамгаалах яам,
5/Байгаль орчны яам.
Ерөнхий сайд нийгэм, эдийн засаг, дэд бүтцийн чиглэлийн нийт долоо хүртэл яамыг нэмж байгуулахаар Улсын Их Хуралд саналаа оруулж болно.”
9/Дөчин зургадугаар зүйлийн 3 дахь хэсэг:
“3.Төрийн албаны төв байгууллагын хараат бус байдал, эрх зүйн үндэс, төрийн албан хаагчийн ажиллах нөхцөл, баталгааг хуулиар тогтооно.”
10/Тавин нэгдүгээр зүйлийн 2 дахь хэсэг:
“2.Шүүхийн ерөнхий зөвлөлөөс Улсын дээд шүүхийн шүүгчийг томилохоор Улсын Их Хуралд танилцуулж дэмжсэнийг, бусад шүүхийн шүүгчээр томилохоор Шүүхийн Ерөнхий зөвлөлийн санал болгосныг Ерөнхийлөгч 72 цагийн дотор ёсчилно. Ерөнхий шүүгчийг Улсын дээд шүүхийн нийт гишүүдийн хуралдаанаас шүүгчдийнх нь дотроос зургаан жилийн хугацаагаар сонгоно. Энэхүү шийдвэрийг Ерөнхийлөгч 72 цагийн дотор ёсчилно.”
11/Тавин долдугаар зүйлийн 1, 2 дахь хэсэг:
“1.Монгол Улсын нутаг дэвсгэр засаг захиргааны хувьд аймаг, нийслэл, хотод, аймаг нь сум, хот /орон нутгийн харъяалалтай/-д, сум нь баг болон тосгонд, нийслэл нь дүүрэгт, дүүрэг нь хороонд, хот нь хороонд тус тус хуваагдана.
2.Хот, тосгоны эрх зүйн үндсийг хуулиар тогтооно.”
12/Жардугаар зүйлийн 2 дахь хэсэг:
“2.Засаг даргыг тухайн аймаг, нийслэл, хот, сум, хот /орон нутгийн харъяалалтай/, дүүргийн Хурлаас нэр дэвшүүлж, аймаг, нийслэл, хотын Засаг даргыг Ерөнхий сайд, сум, хот /орон нутгийн харъяалалтай/, дүүргийн Засаг даргыг харъяалах аймаг, нийслэлийн Засаг дарга тус тус дөрвөн жилийн хугацаагаар томилно. Баг, тосгон, хорооны Засаг даргыг харъяалах сум, дүүрэг, хотын Засаг дарга дөрвөн жилийн хугацаагаар томилно.”

 

4 дүгээр зүйл. Хорин есдүгээр зүйлийн 1 дэх хэсгийн “Улсын Их Хурлын гишүүн нь Ерөнхий сайд, Засгийн газрын гишүүнээс бусдад, хуулиар тогтоосон үүрэгт нь үл хамаарах ажил, албан тушаал хавсарч болохгүй.” Гэснийг “Улсын Их Хурлын гишүүн нь Үндсэн хуульд өөрөөр заагаагүй бол албан үүрэгт нь үл хамаарах ажил, албан тушаал хавсарч болохгүй.” гэж, Дөчин зургадугаар зүйлийн 2 дахь хэсгийн “төрийн ашиг сонирхолд” гэснийг “үндэсний язгүүр ашиг сонирхолд” гэж, Дөчин наймдугаар зүйлийн 1 дэх хэсэг, Жаран хоёрдугаар зүйлийн 3 дахь хэсгийн “гучин тав” гэснийг “дөчин” гэж, “хорин тав” гэснийг “гучин” гэж, Дөчин есдүгээр зүйлийн 3 дахь дахь хэсгийн “ажиллана” гэснийг “ажиллах бөгөөд арван нэгэн гишүүнээс бүрдэнэ.” гэж Таван есдүгээр зүйлийн 3 дахь хэсгийн “нийслэлийн” гэснийг “нийслэл, хот, сум, дүүргийн” гэж, “Эдгээр Хурлын болон сум, дүүргийн Хурлын” гэснийг “Эдгээр Хурлын” гэж тус тус өөрчилсүгэй.

 

5 дугаар зүйл. Монгол Улсын Үндсэн хуулийн Дөчин гуравдугаар зүйлийн 2 дахь хэсгийн “, эсхүл Засгийн газрын гишүүдийн тэн хагас нь нэгэн зэрэг” гэснийг хассугай.

 

6 дугаар зүйл. Монгол Улсын Үндсэн хуулийн Гучин гуравдугаар зүйлийн 1 дэх хэсгийн 3 дахь заалтыг хүчингүй болсонд тооцсугай.

 

7 дугаар зүйл. Монгол Улсын Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн 3 дугаар зүйлийн 3, 7, 11 дэх хэсэг болон 6 дугаар зүйлийг 2021 оны 7 дугаар сарын 01-ний өдрийн 12.00 цагаас эхлэн, бусад зүйл, хэсэг, заалтыг 2020 оны 7 дугаар сарын 01-ний өдрийн 12.00 цагаас эхлэн улс даяар дагаж мөрдөнө.




Төрийн албаны шинэчлэлтэй холбоотой хоёр хуулийн төслийн үзэл баримтлалыг хэлэлцэхийг дэмжив

Улсын Их Хурлын Төрийн байгуулалтын байнгын хорооны өнөөдрийн (2017.05.03) хуралдаан 09 цаг 44 минутад 52.6 хувийн ирцтэй эхэлж, гурван асуудал хэлэлцэж шийдвэрлэхээр тогтов.

Төрийн албаны шинэчлэлийн тухай хоёр хуулийн төслийн үзэл баримтлалыг хэлэлцэхээр болов

Байнгын хорооны хуралдаанаар эхлээд Улсын Их Хурлын гишүүн Д.Тогтохсүрэн нарын 12 гишүүнээс 2017 оны 02 дугаар сарын 10-ны өдөр өргөн мэдүүлсэн Төрийн албаны тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон уг хуулийн төсөлтэй холбогдуулан боловсруулсан бусад хуулийн төслийн үзэл баримтлалыг хэлэлцэх эсэх асуудлыг хэлэлцэв. Энэ талаархи хууль санаачлагчийн илтгэлийг Улсын Их Хурлын гишүүн Д.Тогтохсүрэн танилцуулсан юм.

Улсын Их Хурлаас 1994 онд Төрийн албаны тухай хуулийг батлан 1995 оны 6 дугаар сарын 1-ний өдрөөс мөрдүүлсэн бөгөөд 2002 онд уг хуулийг шинэчлэн найруулж, 2008 онд хэд хэдэн зарчмын шинжтэй томоохон нэмэлт, өөрчлөлт оруулсан. Энэ хугацаанд нам төвтэй төрийн албыг мэргэшсэн, тогтвортой, улс төрөөс хараат бус төрийн алба болгон өөрчлөн шинэчлэхэд ихээхэн анхаарч ирсний үр дүнд тодорхой ахиц дэвшил гарсан боловч цаашид чадахуйн зарчим /мерит/-д суурилсан, улс төрөөс хараат бус, шударга, ил тод, хариуцлагатай, мэргэшсэн, тогтвортой төрийн албаны эрх зүйн үндсийг бэхжүүлэх зорилгоор Улсын Их Хурлын нэр бүхий гишүүд Төрийн албаны тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг боловсруулжээ.

2f3c324c-3878-4de5-bbfc-f911e910dacd

Уг хуулийн шинэчилсэн найруулгын төсөл нь 7 хэсэг, 33 бүлэг, 109 зүйлтэй бөгөөд төсөлд дараахь асуудлыг шинээр тусгажээ. Үүнд:

– Улс төрөөс хараат бус, шударга, ил тод, хариуцлагатай төрийн албаны эрх зүйн үндэс бүрдэж, төрийн албан хаагч тогтвортой ажиллах, төрийн алба хаших шалгуур нь зөвхөн мэргэшлийн болон уг албыг гүйцэтгэх мэдлэг чадвар, мэргэжлийн ёс зүйгээр тодорхойлогддог болох нөхцөлийг баталгаажуулах,

– Түүнчлэн чадахуйн зарчим /мерит/ буюу иргэнийг төрийн албанд сонгон шалгаруулж томилох, чөлөөлөх, ажлын гүйцэтгэлийг нь үнэлэх, дэвшүүлэх, шагнаж урамшуулахдаа хувь хүний мэдлэг, боловсрол, мэргэжил, мэргэшил, ур чадвар, туршлага, ажлын үр дүнд тулгуурлах зарчмыг хуулиар тодорхойлж, түүнийг тууштай хэрэгжүүлэх арга хэлбэрүүдийг нарийвчлан зохицуулах,

–  Мэдлэг, чадвартай иргэдэд нээлттэй өрсөлдөөнөөр төрийн албанд орох боломж олгохын зэрэгцээ карьерын шатлан дэвших тогтолцоог төрийн албанд нэвтрүүлэх,

– Төрийн албан хаагч /улс төрийн албан хаагчаас бусад/ улс төрийн аливаа үйл ажиллагаанд оролцох явдлыг таслан зогсоож, улс төрийн нөлөөнөөс ангид, ард түмнийхээ тусын тулд, зөвхөн төрийн ашиг сонирхолд захирагдан ажиллах Үндсэн хуулийн үзэл санаа бодитоор хэрэгжих боломж бүрдүүлэх;

– Бүрэн эрхийн хугацаанд улс төрөөс хараат бус, тогтвор, суурьшилтай ажиллах нөхцөлийг бүрдүүлэх зорилгоор яамны Төрийн нарийн бичгийн дарга, Засгийн газрын агентлагийн дарга нарыг 6 жилийн хугацаагаар томилох эрх зүйн орчныг бүрдүүлэх;

– Төрийн албанд авилга, хээл хахууль, хүнд суртал буурах нөхцөл сайжирч, төрийн үйлчилгээ иргэдэд ойртох, төр, иргэний харилцан итгэлцэл, хамтын ажиллагааг бэхжүүлэх;

– Төрийн албаны удирдах албан тушаалтны хүний нөөцийн удирдлагыг хэрэгжүүлэх чиг үүргийг шинээр тогтоож, үүрэг, хариуцлагыг нарийвчлан тодорхойлох;

– Төрийн албаны зөвлөлийг улс төрөөс хараат бус, мэргэшсэн, тогтвортой төрийн албыг хөгжүүлэх, түүнийг хамгаалах, төрийн албан тушаалд сонгон шалгаруулах үйл ажиллагааг хуулийн дагуу зохион байгуулж байгаа эсэхэд хяналт шалгалт хийх, зөрчлийг арилгуулах хугацаатай үүрэг өгөх, гүйцэтгэлд нь хяналт тавих үндсэн үүрэг бүхий хамтын удирдлагын зарчмаар ажилладаг байгууллага болгон өөрчлөн байгуулж, улс төрөөс хараат бус ажиллах эрх зүйн үндсийг бүрдүүлэх,

– Төрийн захиргааны болон тусгай албан хаагчдын улс төрийн үйл ажиллагаа явуулахгүй байх эрх зүйн зохицуулалтыг тодорхой болгох; улс төрийн албан хаагчаас бусад албан хаагч улс төрийн намын гишүүн бол намын гишүүнээс түдгэлздэг биш, татгалздаг байхаар хуульчлах;

– Удирдлагын академийг төрийн албан хаагчдын тасралтгүй үргэлжлэх сургалт, хөгжлийн бодлогын хэрэгжилтийг зохион байгуулагч, судалгаа, сургалт, эрдэм шинжилгээ, арга зүйн хүрээлэн болгон өөрчилж, чадавхийг бэхжүүлэх эрх зүйн орчин бүрдүүлэх;

– Төрийн албан тушаалтан хууль тогтоомж зөрчсөн тохиолдолд хүлээлгэх хариуцлагыг чангатгах,

–  Төрийн байгууллага, албан хаагчийн ажлын гүйцэтгэл, үр дүнг үнэлэх шалгуур үзүүлэлт боловсронгуй болж, төрийн албан хаагчийн ажлын үр дүн, өсөлт хөгжлийг удирдлагын субьектив хандлага бус үйлчлүүлэгч, хамт олон, өөрийн үнэлгээ болон үр дүнгийн үзүүлэлтэд тулгуурласан хэмжүүрээр бодитой үнэлдэг тогтолцоонд шилжих. Өөрөөр хэлбэл, үйл ажиллагааг бус үр дүнг үнэлдэг болох;

– Хариуцсан ажлын чиг үүрэг, түүний хүрээ, хүлээх хариуцлагад тулгуурласан цалин, урамшууллын шударга тогтолцоог төрийн албанд нэвтрүүлэх эрх зүйн орчныг бүрдүүлэх зэрэг зохицуулалтыг төсөлд тусгажээ.

9cd42d6b-e620-4da5-af29-11917e38deb0

Хуулийн шинэчилсэн найруулгын төсөл батлагдсанаар улс төрөөс хараат бус, шударга, ил тод, хариуцлагатай төрийн албаны эрх зүйн үндэс бүрдэж, төрийн албан хаагч тогтвортой ажиллах, төрийн алба хаших шалгуур нь зөвхөн мэргэшлийн болон уг албыг гүйцэтгэх мэдлэг чадвар, иргэдэд үйлчлэх үйлчилгээний чанар, мэргэжлийн ёс зүйгээр тодорхойлогддог болох нөхцөл баталгаажна. Төрийн албаны зөвлөл нь улс төрөөс хараат бус, чадахуйн зарчимд суурилсан, мэргэшсэн, тогтвортой төрийн албыг сахин хамгаалж, Төрийн албаны хуулийн хэрэгжилтийг хангах нөхцөл бүрдэнэ гэж төсөл санаачлагчид үзэж байгааг Улсын Их Хурлын гишүүн Д.Тогтохсүрэн илтгэлдээ онцоллоо.

Төрийн албаны тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийн талаар нийслэлийн Иргэний танхимд энэ оны 01 дүгээр сарын 26-ны өдөр хэлэлцүүлэг зохион байгуулж, нийслэлийн төр, захиргааны байгууллагад ажиллаж байгаа төрийн албан хаагчдын саналыг авчээ. Мөн зарим цахим хуудас /www.ulaanbaatar.mn, www.zaluu.com гэх мэт/-аар дамжуулан хуулийн төслийг иргэд, олон нийтэд танилцуулж, цахим хэлбэрээр саналыг нь авч хуулийн төсөлд тусгасан байна. Хуулийн шинэчилсэн найруулгын төсөл батлагдсан тохиолдолд Монгол Улсын 2017 оны төсөвт нэмэлт ачаалал үүсэхгүй бөгөөд хуулийн төслийн үр нөлөөг зохих аргачлалын дагуу үнэлж, хуулийн төслийн давхардал, хийдэл, зөрчлийг арилган, хуулийг хэрэглэхэд ойлгомжтой, хэрэгжих боломжтой байдлаар боловсруулахад анхаарч ажилласан гэдгийг төсөл санаачлагч дурдлаа.

Төсөл санаачлагчийн илтгэлтэй холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Б.Батзориг асуулт асууж тодруулан Улсын Их Хурлын гишүүн Б.Ундармаа, Б.Батзориг, Ж.Батзандан нар үг хэлж, хуулийн шинэчилсэн найруулгын төслийн үзэл баримтлалыг хэлэлцэхийг дэмжиж байгаа, шинэчилсэн найруулгын төсөл нь төрийн албаны улс төрөөс хараат бус, бие даасан, мэргшсэн, тогтвортой  байдлыг хангахад чиглэгдэх ёстой, хэлэлцүүлгийн дараагийн шатанд ажлын хэсэг гаргаж нухацтай хэлэлцэх шаардлагатай гэдгийг хэлж байв. Ингээд Төрийн албаны тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийн үзэл баримтлалыг хэлэлцэх нь зүйтэй гэсэн саналын томьёоллоор санал хураалт явуулахад Байнгын хорооны хуралдаанд оролцсон 11 гишүүн санал нэгтэй дэмжлээ.

Дараа нь Монгол Улсын Ерөнхийлөгч 2016 оны 12 дугаар сарын 27-ны өдөр өргөн мэдүүлсэн Төрийн албаны тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн үзэл баримтлалыг хэлэлцэх эсэх асуудлыг хэлэлцэв. Хуулийн төслийн үзэл баримтлалыг Ерөнхийлөгчийн Хүний эрх, хуулийн бодлогын зөвлөх Ч.Өнөрбаяр танилцуулсан юм.

Ээлжит сонгуулийн үр дүнд төрийн байгууллага өөрчлөн байгуулагдсан, удирдах албан тушаалтан өөрчлөгдсөн зэрэг улс төрийн шалтгаанаас үүдэлтэйгээр төрийн албаны томилгоо, мэргэшсэн, тогтвортой байдал алдагдаж, залгамж чанаргүй, хариуцлагагүй байдал үргэлжилсээр ирсэн. Түүнчлэн төрийн хариуцлагатай удирдах албан тушаалд хуулийн шаардлага хангаагүй иргэн тохиолдлоор томилогдож, мэдлэг, туршлага, ур чадвартай мэргэшсэн албан хаагчдын шатлан дэвших боломжийг хангаж чадахгүйд хүрч байгаа зэрэг сөрөг үр дагаврыг арилгах үүднээс уг хуулийн төслийг боловсруулжээ. Хуулийн төсөл нь нийт 6 зүйлтэй агаад холбогдох 8 хуульд өөрчлөлт оруулах төслийг хамтад нь боловсруулсан байна.

Төсөл санаачлагчийн илтгэлтэй холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Д.Хаянхярваа Төрийн албаны тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийн үзэл баримтлалыг дөнгөж сая гишүүд хэлэлцэхийг дэмжлээ. Иймээс Ерөнхийлөгчийн санаачилсан төслийн агуулга нь хуулийн шинэчилсэн найруулгын төсөлд багтсан бол цаашид хэлэлцэх шаардлагатай эсэх талаар тодруулахад Ерөнхийлөгчийн зөвлөх Ч.Өнөрбаяр “Ерөнхийлөгч Төрийн албаны тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл санаачилж өмнөх Улсын Их Хуралд өргөн барьсан боловч хэлэлцэгдээгүй. Одоо хэлэлцэх гэж байгаа хоёр хуулийн төсөлд агуулга, үзэл баримтлал, зарчмын хувьд адил төстэй зүйл бий. Гэхдээ Ерөнхийлөгчийн санаачилсан төсөлд төрийн албаны мэдээллийн сан, төрийн удирдах албан тушаалтныг шинээр томилох, төрийн албан тушаалыг орлон гүйцэтгэх, мөн хуулийн нэр томьёотой холбоотой зарчмын шинэ зохицуулалтууд тусгагдсан байгаа. Иймээс дараагийн хэлэлцүүлгийн явцад хуулийн хоёр төслийг нэгтгэж хэлэлцээд явах боломжтой” гэсэн хариулт өгсөн юм.

Мөн хэлэлцэж буй хуулийн төслийн үзэл баримтлалтай холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Д.Эрдэнэбат төрийн албаны шинэчлэлийн асуудал удаан хугацаанд яригдаж байгаа ч ахиц муутай явж ирсэн. Иймээс хуулийн хоёр төслийн үзэл баримтлалыг хэлэлцэхийг дэмжээд ажлын нэг хэсэг гаргаж төслүүдийг нэгтгэж хэлэлцэх нь зүйтэй гэсэн санал гаргасан юм. Гишүүний энэ саналыг дэмжиж буйгаа үг хэлсэн Улсын Их Хурлын гишүүн Д.Тогтохсүрэн, Б.Жавхлан, Ж.Батзандан нар илэрхийллээ. Ингээд Ерөнхийлөгчийн санаачлан боловсруулсан Төрийн албаны тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн үзэл баримтлалыг хэлэлцэхийг хуралдаанд оролцсон 12 гишүүн санал нэгтэй дэмжлээ.

Үндсэн чиглэлийн хэрэгжилтийн талаар сайдын танилцуулгыг сонсов

Байнгын хорооны энэ өдрийн хуралдаанаар Засгийн газраас энэ оны 04 дүгээр сарын 11-ний өдөр өргөн мэдүүлсэн “Монгол Улсын эдийн засаг нийгмийг 2016 онд хөгжүүлэх үндсэн чиглэл”-ийн биелэлтийг хэлэлцэв. Энэ талаархи танилцуулгыг Засгийн газрын гишүүн, Монгол Улсын сайд Ж.Мөнхбат хийсэн юм.

Улсын Их Хурлын 2015 оны 52 дугаар тогтоолоор баталсан Монгол Улсын эдийн засаг, нийгмийг 2016 онд хөгжүүлэх үндсэн чиглэлд 5 бүлгийн хүрээнд 22 зорилт, нийт 158 бодлогын арга хэмжээ тусгагдаж батлагджээ. Эдгээрт Мянганы хөгжлийн зорилтод суурилсан Үндэсний хөгжлийн цогц бодлогоос 29, Засгийн газрын 2012-2016 оны үйл ажиллагааны хөтөлбөрөөс 119, бусад бодлогын баримт бичгээс 10 арга хэмжээ тусгагдсан байна. Үндсэн чиглэлд тусгагдсан нийт зорилт, арга хэмжээний хэрэгжилтийг 2016 оны эцсийн байдлаар тооцож дүгнэхэд 61.2 хувийн хэрэгжилттэй гарсныг сайд танилцуулгадаа дурдав.

Харин Үндэсний аудитын газар Засгийн газрын 2013 оны 322 дугаар тогтоолоор батлагдсан журмын дагуу Монгол Улсын эдийн засаг, нийгмийг 2016 онд хөгжүүлэх үндсэн чиглэлд тусгагдсан зорилт, арга хэмжээ бүрийг үнэлээд нийт 158 зорилт, арга хэмжээнээс 55 нь бүрэн хэрэгжсэн, 72 нь хэрэгжилт дутуу, 31 нь хэрэгжээгүй, үндсэн чиглэлд тусгагдсан нийт зорилт, арга хэмжээний хэрэгжилт дунджаар 58.9 хувийн хэрэгжилттэй байна гэж үнэлсэн байна.

Сайдын танилцуулгатай холбогдуулан үг хэлсэн Улсын Их Хурлын гишүүн Ж.Батзандан жил бүр үндсэн чиглэлийг хэрэгжилтийг хэлэлцдэг хуультай ч сонгуулийн жил таарсан үеийн хэрэгжилтийг дүгнэх, хэлэлцэхэд хүндрэлтэй тал гардаг. Иймээс сонгуулийн үр дүнгээр байгуулагдсан Засгийн газар сонгуулиас хойш ямар ажил хийж ямар ахиц дэвшил гаргав, өмнөх Засгийн газрын бодлогын ямар алдааг яаж засав, залгамж чанарын хувьд давуутай арга хэмжээг нь үргэлжлүүлэв, цаашид хэрхэн яаж ажиллахаар төлөвлөж байгаа талаар Засгийн газрын гишүүд чуулганы нэгдсэн хуралдаанд танилцуулах нь зүйтэй гэсэн санал хэлсэн юм.

Ингээд Монгол Улсын эдийн засаг, нийгмийг 2016 онд хөгжүүлэх үндсэн чиглэлийн хэрэгжилтийн талаархи тайланг сонсож хэлэлцсэн тухай Байнгын хорооны санал, дүгнэлтийг Эдийн засгийн байнгын хороонд хүргүүлэхээр боллоо гэж Улсын Их Хурлын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс мэдээлэв. 

 




УЛСЫН ТЭМДЭГТИЙН ХУРААМЖ ТӨЛӨХ ТУХАЙ

УЛСЫН ТЭМДЭГТИЙН ХУРААМЖ ТӨЛӨХ ДАНСНЫ ДУГААР

 

Шүүхийн нэр Банкны нэр Дансны дугаар Хүлээн авагч
1 Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх Улаанбаатар хотын банк 2611192214 Сүхбаатар дүүргийн татварын хэлтэс
2 Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх Улаанбаатар хотын банк 26090006167 Баянзүрх дүүргийн татварын хэлтэс
3 Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх Улаанбаатар хотын банк 2611016627 Чингэлтэй дүүргийн татварын хэлтэс
4 Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх Улаанбаатар хотын банк 2602002965 Баянгол дүүргийн татварын хэлтэс
5 Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх

 

Улаанбаатар хотын банк 2601025961 Сонгинохайрхан дүүргийн татварын хэлтэс
6 Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх

 

Улаанбаатар хотын банк 2603030349 Хан-Уул дүүргийн татварын хэлтэс
7 Нийслэл дэх захиргааны хэргийн анхан шатны шүүх

 

Улаанбаатар хотын банк 2611184132  Чингэлтэй дүүргийн татварын хэлтэс

 

УЛСЫН ТЭМДЭГТИЙН ХУРААМЖ ТӨЛӨХӨД АНХААРАХ ЗҮЙЛ:

Улсын тэмдэгтийн хураамжийг нэхэмжлэгч нь хариуцагчийн оршин суугаа дүүргийн шүүхэд төлнө. Улсын тэмдэгтийн хураамжийн хэмжээг Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлд заасны дагуу тодорхойлно.

Эд хөрөнгийн чанартай үнэлж болох нэхэмжлэлд нэхэмжлэлийн үнийн дүнгээс хамаарч тэмдэгтийн хураамж нь дараах хэмжээтэй байх:

Нэхэмжлэлийн

үнийн дүн /төгрөгөөр/

Хураамжийн хувь, хэмжээ /төгрөгөөр/
0-130 000 4550 төгрөг.
130 001-650 000 4550 төгрөг дээр 130 000 төгрөгөөс давсан дүнгийн 3 хувийг нэмнэ.
650 001-1 300 000 20150 төгрөг дээр 650 000 төгрөгөөс давсан дүнгийн 2.4 хувийг нэмнэ.
1 300 001-13 000 000 35750 төгрөг дээр 1 300 000 төгрөгөөс давсан дүнгийн 1.6 хувийг нэмнэ.
13 000 001-ээс дээш 222950 төгрөг дээр 13 000 000 төгрөгөөс давсан дүнгийн 0.5 хувийг нэмнэ.

Эд хөрөнгийн бус, түүнчлэн үнэлэх боломжгүй нэхэмжлэлд 70 200 төгрөг байна.

Улсын тэмдэгтийн хураамж төлж буй этгээд нь иргэн байх тохиолдолд гүйлгээний утгад өөрийн овог нэр болон улсын тэмдэгтийн хураамжид төлж байгаа талаар бичнэ. Харин хуулийн этгээд байх тохиолдолд нэр, регистрийн дугаарыг бичих шаардлагатай.