Шүүхийн ерөнхий зөвлөлөөс сар бүр зохион байгуулдаг “Нээлттэй шүүх” хэвлэлийн бага хурал өнөөдөр /2017.04.03/боллоо. “Эрүүгийн хэргийн бүртгэл, хяналтын нэгдсэн систем”-ийг танилцуулж, Хууль зүй, дотоод хэргийн яамнаас Шүүхийн ерөнхий зөвлөлд хүлээлгэн өгсөн энэхүү үйл ажиллагаанд Шүүхийн ерөнхий зөвлөлийн дарга Н.Лүндэндорж, гишүүн П.Батсайхан, Хууль зүй, дотоод хэргийн сайд С.Бямбацогт, Шүүхийн ерөнхий зөвлөлийн Гүйцэтгэх нарийн бичгийн дарга Т.Мэндсайхан, ХЗДХ-ийн сайдын зөвлөх Н.Чинбат, Хууль сахиулах байгууллагуудын цахим мэдээллийн нэгдсэн төвийн төслийн багийн зохицуулагч Д.Соёл-Эрдэнэ нар оролцсон юм.
Өнөөдрөөс шүүхэд нэвтэрч буй “Эрүүгийн хэргийн бүртгэл, хяналтын нэгдсэн систем”-ийн талаар Шүүхийн мэдээллийн технологийн хэлтсийн дарга Д.Мөнхзориг товч танилцууллаа.
Эрүүгийн хэргийн бүртгэл, хяналтын нэгдсэн систем нь шүүх эрх мэдлийн болон хууль сахиулах байгууллагуудын мэдээллийн нэгдсэн сангийн нэг бүрэлдэхүүн хэсэг юм. Өөрөөр хэлбэл цагдаа, прокурор, шүүх, шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагуудын дунд мэдээллийн нэгдсэн сан байх бөгөөд Эрүүгийн хэргийн бүртгэл, хяналтын нэгдсэн системээр дамжуулан шүүхийн хувьд прокурор, шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагатай мэдээлэл солилцдог болж байна.
Тус систем нь эрүүгийн хэргийн шүүхэд хавтаст хэрэг ирэхэд хэргийг санамсаргүй тохиолдлоор хуваарилах, прокурорын байгууллагаас хэргийн мэдээлэл татах, Оюуны өмч, улсын бүртгэлийн ерөнхий газраас иргэний мэдээлэл татах, холбогдох мэдээллийг бүртгэх, нэгтгэх, тусгаарлах, шүүхэд шилжүүлэх, талуудад мэдэгдэх, хуралдаан хийж шийдвэр гаргах, давж заалдах, хяналтын шатны шүүхэд шилжүүлэн эцэслэн шийдэгдэх хүртэлхи бүх ажиллагааг нэгдсэн системээр бүртгэнэ. “Эрүүгийн хэргийн бүртгэл, хяналтын нэгдсэн систем”-ээр таслан сэргийлэх арга хэмжээ болон захиргааны зөрчлийн санал бүртгэн шийдвэрлэх нэгдсэн статистик тайлан гаргах боломжтой.
Хууль зүй, дотоод хэргийн сайд С.Бямбацогт “Монгол Улсын Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрт хууль зүйн салбарын байгууллагуудын хүний нөөц, техник тоног төхөөрөмж, дэд бүтцийг шинэчлэн хуульд заасан үүргээ стандартын дагуу хэрэгжүүлэх боломжийг бүрдүүлэхээр заасан. Хууль зүй, дотоод хэргийн яам 2017 оныг “Иргэдэд ойр эрх зүйн үйлчилгээний жил” болгон зарласан. Энэ хүрээнд хийж байгаа ажлуудын нэг нь “Эрүүгийн хэргийн бүртгэл, хяналтын нэгдсэн систем”-ийг хүлээлгэн өгч байгаа явдал юм” гэж онцлов. Шүүх, хуулийн байгууллагуудын ажлын уялдааг сайжруулах, хариуцлагын тогтолцоог үр дүнтэй болгох, хүртээмжтэй чанартай үйлчилгээг иргэдэд хүргэх зорилготойгоор хууль зүйн цахим мэдээллийн нэгдсэн тогтолцоо бүрдүүлэх ажлыг 2015 оноос эхлүүлсэн талаараа танилцуулсан юм.
Шүүхийн ерөнхий зөвлөлийн дарга Н.Лүндэндорж Монголын хууль, шүүхийн байгууллагын түүхэнд тэмдэглэлт үйл явдал болж байгааг онцлоод “ХБНГУ-ын “Олон Улсын хамтын ажиллагааны нийгэмлэг”-ийн дэмжлэгээр Иргэний хэргийн нэгдсэн программыг шүүхэд нэвтрүүлээд хэдэн жил өнгөрлөө. Дэлхийн банкны тусламжтайгаар Захиргааны хэргийн нэгдсэн программыг нэвтрүүлсэн. Харин Хууль зүй, дотоод хэргийн яамны төслийн нэгж шүүгчдийн гаргаж өгсөн даалгаврын дагуу Эрүүгийн хэргийн нэгдсэн программыг үнэ төлбөргүй хийж өгсөн нь шүүх засаглалыг цахимжуулахад оруулж буй том хувь нэмэр юм.
Эрүүгийн хэргийг шүүгчид хуваарилахад хүний оролцоо байсан. “Эрүүгийн хэргийн бүртгэл, хяналтын нэгдсэн систем” нэвтэрснээр хэрэг хуваарилахад хүний оролцоо байхгүй болж байгаагаараа үйлчлүүлэгчдийн эрх ашгийг хамгаалж буй юм” гэв.
Танилцуулга хийсний дараа Хууль зүй, дотоод хэргийн сайд С.Бямбацогт “Эрүүгийн хэргийн бүртгэл, хяналтын нэгдсэн систем”-ийг холбогдох бичиг баримт, гарын авлагын хамт Шүүхийн ерөнхий зөвлөлийн дарга Н.Лүндэндоржид хүлээлгэн өглөө.
Энэхүү системийг нэвтрүүлэхэд Шүүхийн ерөнхий зөвлөл, Хууль Зүй, Дотоод хэргийн яам хамтран ажилласан бөгөөд програм даалгаврыг Улсын дээд шүүхийн шүүгч Б.Батцэрэнгээр ахлуулсан ажлын хэсэг боловсруулж, программын хөгжүүлэлтийг Хууль зүйн яамны цахим төслийн нэгж боловсруулжээ.
Шинэ систем нэвтэрснээр:
-Хэрэг хуваарилах ажиллагаа урьдчилан мэдэх боломжгүй, хараат бус, тэнцвэртэй, санамсаргүй тохиолдлоор хуваарилагдана,
-Цаг хугацаа болон цаас хэмнэнэ,
-Шүүх, хууль сахиулах байгууллагуудын нэгдсэн системээс мэдээлэл авах, солилцох,
-Хувь хүний мэдээллийг Оюуны Өмч, Улсын Бүртгэлийн Ерөнхий газраас шууд татаж авах боломжтой,
-Процессын алдаа зөрчил арилах,
-Эрүүгийн хэргийн хөдөлгөөний нэгдсэн удирдлагатай болох,
-1 хэргийг 3 шатны шүүх цогцоор харах,
-Мэдээ тайланг шуурхай гаргах,
-Шүүгч, шүүхийн захиргааны ажилтны ажлыг хөнгөвчлөх ач холбогдолтой юм.
Эх сурвалж: www.judcouncil.mn
УИХ-ын намрын чуулганы нэгдсэн хуралдаан маргааш хаалтаа хийнэ. Тэгвэл чуулган хаалтаа хийхийн өмнө өнөөдрийн хуралдаанаараа дөрвөн шинэ хуулийг баталлаа.
Шинээр төрсөн хуулийг тоймлон хүргэе.
Цагдаагийн албаны тухай хуулийн шинэчилсэн найруулгыг баталлаа
Чуулганы хуралдааны эхэнд Цагдаагийн албаны тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг хэлэлцэн баталлаа. Хуулийн төслийг Улсын Их Хурлын гишүүн Ц.Нямдорж танилцуулсан юм.
Шинэ хуулинд “цолны цалин” хэмээх шинэ нэр томьёо хэрэглэсэн бөгөөд энэ нь Хөдөлмөрийн тухай хуулийн цалин, урамшуулалтай холбоотой зохицуулалттай зөрчилдөж байгаа эсэхийг УИХ-ын гишүүн О.Баасанхүү асуув. Энэ асуултад УИХ-ын гишүүн Ц.Нямдорж цагдаагийн албан хаагчид хүнд нөхцөлд үүрэг гүйцэтгэдэг, эрсдэл өндөртэй байдаг учир Хөдөлмөрийн тухай хууль дахь цалингийн урамшуулал үндсэн цалингийн 40 хувиас хэтрүүлэхгүй байх зохицуулалтад хамааруулахгүй байх нь зөв. Тиймээс Цагдаагийн албаны тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөлд энэ төрлийн зохицуулалтыг оруулсан” гэж хариулав.
Ийнхүү Засгийн газраас өнгөрсөн оны арванхоёрдугаар сарын 22-ны өдөр өргөн мэдүүлсэн Цагдаагийн албаны тухай хуулийн төслийг батлах санал хураалт явуулахад гишүүд 93.9 хувийн саналаар дэмжин, баталсан юм
Хууль батлагдсанаар цагдаагийн цолыг өндөр шалгууртай олгохоор болж байгаа юм. Тухайлбал, цагдаагийн бага цол буюу ахлагч цолыг дөрвөн жил тогтвор суурьшилтай ажиллаж байж авна. Мөн шинэ томилогдсон цагдаа дэд ахлагч цолтой байна. Ингээд дөрвөн жил үр бүтээлтэй, тогтвор суурьшилтай ажиллаж байж ахлагч болтой болно. Дахиад дөрвөн жил үр бүтээлтэй ажиллавал ахлах ахлагч болох юм.
Мөн замын хөдөлгөөний зохицуулагч гүйцэтгэх ажилтны ажилласан хугацааг нэмж тооцох буюу нэг жилийг 1.3 жилээр тооцно. Түүнчлэн Тахарын албанд ажиллаж байсан албан хаагчдын цолтой холбоотой зохицуулалтуудыг тусгасан аж.
Байгаль хамгаалах сангийн нэр Байгаль орчин, уур амьсгалын сан болж өөрчлөгдөв
Чуулганы үдээс өмнөх нэгдсэн хуралдаанаар Засгийн газрын тусгай сангийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон холбогдох бусад хуулийн төслийг хэлэлцэв.
Хуулийн төсөл батлагдсанаар Засгийн газрын тусгай сангийн нэг төрөл болох Байгаль хамгаалах сангийн нэр Байгаль орчин, уур амьсгалын сан болж өөрчлөгдөх юм байна.
Мөн олон улсын байгууллагын санхүүжилтээр Байгаль орчин, уур амьсгалын сангийн хөрөнгийн зохих хувийг бүрдүүлэх боломж бүрдэхийн сацуу ЖДҮ-ийг хөгжүүлэх сангийн хөрөнгөөс урт хугацааны хөнгөлөлттэй зээл олгохдоо ЖДҮ-ийн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүний баталсан журмын дагуу тухайн зээл олгогдох төслийг сонгон шалгаруулах эрх зүйн зохицуулалттай болж байгаа аж.
Засгийн газрын тусгай сангийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг бүхэлд нь батлах саналыг гишүүд 73.5 хувийн саналаар дэмжсэн бөгөөд холбогдох бусад хуулийн төслүүдийг батлах саналыг мөн дэмжжээ.
Зөвлөлдөх санал асуулгын тухай хуультай боллоо
Улсын Их Хурлын гишүүн Г.Занданшатар нарын 30 гишүүн 2016 оны арванхоёрдугаар сарын 26-нд өргөн мэдүүлсэн Зөвлөлдөх санал асуулгын тухай хуулийн төслийн эцсийн хэлэлцүүлгийг тус хийж, баталлаа.
Хуулийн төсөл батлагдсанаар Монгол Улсын Үндсэн хуулийн Гуравдугаар зүйлд заасан төрийн үйл хэрэгт оролцох иргэдийн эрхийг хангах эрх зүйн шинэ зохицуулалт бий болж, зөвлөлдөх ардчиллыг олон улсын туршлагын дагуу хөгжүүлэх нэг чухал алхам болох юм.
Мөн иргэдийн улс төрийн эрхээ хэрэгжүүлэх, механизм тодорхой болж, иргэдийн нийгмийн идэвхийг сайжруулж, улс, орон нутгийн асуудлыг шийдвэрлэхэд оролцох оролцоог дэмжих ажээ. Хууль тогтоох, гүйцэтгэх болон нутгийн өөрөө удирдах байгууллагын үйл ажиллагаа нь хууль зүйн хүлээн зөвшөөрөгдсөн байдлыг хангахад чухал түлхэц үзүүлэх юм байна.
Хэнтий Хан уулын нэрийг Бурхан Халдун уул гэж өөрчлөв
Чуулганы нэгдсэн хуралдаанаар дараа нь “Хэнтий Хан уулын нэрийг Бурхан Халдун уул гэж өөрчлөх тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийн эцсийн хэлэлцүүлгийг хийж, баталлаа.
Гишүүдийн олонхийн саналаар “Хэнтий Хан уулын нэрийг Бурхан Халдун уул гэж өөрчлөх тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг батлах санал хураалгахад чуулганы нэгдсэн хуралдаанд оролцсон 50 гишүүний 66 хувь нь дэмжлээ. Ингэснээр Хэнтий Хан уулын нэрийг Бурхан Халдун уул гэж өөрчиллөө.
Эх сурвалж. Eagle.mn
Монгол Улсын Их Хурлын дарга Миеэгомбын Энхболдод өнөөдөр /2017.02.07/ Эрүүгийн хэргийг хянан шийдвэрлэх тухай болон Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн төслүүдийг УИХ-ын гишүүн, Засгийн газрын гишүүн, Хууль зүй, дотоод хэргийн сайд С.Бямбацогт өргөн мэдүүллээ.
Аль ч улсын төрт ёсны шударга байдлын шалгуурт эрүүгийн хэрэг, эрх зүйн маргааныг шийдвэрлэх тогтолцооны шударга байдал чухал байр суурь эзэлдэг. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн төслийг хууль, шүүхийн өмнө эрх тэгш байх, хүний халдашгүй байх эрхийг хангах, гэм буруутай нь хуулийн дагуу шүүхээр нотлогдох хүртэл хэнийг ч гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцохгүй байх, хэргийн байдлыг тал бүрээс нь бүрэн бодитойгоор тогтоох, шүүгч хараат бус байж, гагцхүү хуульд захирагдах, шүүн таслах ажиллагааг талуудын эрх тэгш байдал, мэтгэлцээний үндсэн дээр явуулах, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа хууль ёсны байх зэрэг зарчмуудыг бүрэн хэрэгжүүлэх үүднээс Эрүүгийн хэргийг хянан шийдвэрлэх тухай хуулийн төслийг боловсруулсан гэж Хууль зүй, дотоод хэргийн сайд С.Бямбацогт онцлов.
Хуулийн төслийг мөрдөн байцаах, шүүн таслах ажиллагааны сайн туршлага, олон жилийн практикаар шалгагдсан хэм хэмжээнүүдийг уламжлан авч үлдэх, бусад орны эрүүгийн процессын хуулийг судалж дэвшилтэт зохицуулалтыг харгалзах, Монгол Улсын нэгдэн орсон холбогдох олон улсын гэрээ конвенцийн заалт, НҮБ-аас ирүүлсэн зөвлөмжүүдэд нийцүүлэх чиглэлээр боловсруулсан юм байна.
Түүнчлэн Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн төслийг өргөн мэдүүлсэн юм.
Өнөөгийн байдлаар манай улсад зөрчлийг шалган шийдвэрлэх чиг үүргийг хэрэгжүүлэгч субьектууд болон тэдний эрх, үүрэг, хэрэгжүүлэх арга хэмжээг Захиргааны хариуцлагын тухай, Төрийн хяналт шалгалтын тухай хуулиас гадна Гаалийн тухай, Татварын Ерөнхий хууль, Өрсөлдөөний тухай зэрэг салбар тус бүрийн хуулиар зохицуулж байгаа юм байна.
Энэ байдал нь хуулийн давхардал, хийдэл, зөрчлийг бий болгож, улмаар зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааг харилцан адилгүй хэрэгжүүлэх, журмаар хүний эрхийг хязгаарлах зэргээр хүн бүр хууль, шүүхийн өмнө эрх тэгш байх, аливаа хэлбэрээр ялгаварлан гадуурхагдахгүй байх Монгол Улсын Үндсэн хуулиар тунхагласан хүний эрхийг хангах явдал гажуудах нөхцөлийг бүрдүүлж байна гэж Хууль зүй, дотоод хэргийн сайд С.Бямбацогт хэллээ.
Иймд дээрх асуудлыг зохицуулах зайлшгүй шаардлагыг харгалзан үзэж, зөрчлийг шалган тогтоох ажиллагааны явцад хүний халдашгүй эрхийг хангах, зөрчил шалган шийдвэрлэх эрх бүхий албан тушаалтнуудын эрх хэмжээг нэг стандартад оруулж, тодорхой хуульчлах зорилгоор Монгол Улсын Үндсэн хууль, Монгол Улсын олон улсын гэрээний суурь зарчимд нийцүүлэн Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн төслийг боловсруулсан юм байна хэмээн Улсын Их Хурлын Тамгын газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.
Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс 2016 онд шийдвэрлэсэн олны анхаарал татсан хэргүүдийн талаар мэдээлсэн.
Тухайлбал, нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн 26 дугаар хороо, Улаанчулуутын хогийн цэгийн манаачийн байранд 22 настай таксины жолооч М-ийн амь насыг Э, А /25-27 нас/ гэх хосууд хөнөөсөн хэрэг гарсан. Тэгвэл Э, А нарт холбогдох уг хэргийг Сонгинохайрхан дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүх өнгөрсөн 2016 оны аравдугаар сарын 13-нд хянан хэлэлцэж Э-д 25 жил, А-д 16 жилийн хорих ял оногдуулж шийдвэрлэсэн байна. Уг хэрэг Улсын дээд шүүхэд шилжээд байгаа аж.
Энэ мэтчилэн олны анхаарал татсан хэргүүдийн шүүхээр хэрхэн шийдвэрлэгдсэн талаарх тоймыг хүргэе.
Төв аймгийн Баянчандмань сумын Засаг даргын орлогч асан Б.Ханбаатар эмэгтэй ажилтнаа хүчирхийлсэн хэрэг 2015 оны есдүгээр сарын 24-нд гарсан. Энэ хэрэг тухайн үед нэлээд дуулиан дэгдээж байв.
Сонгинохайрхан дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс Засаг даргын орлогч асан Б.Ханбаатарт холбогдох уг хүчингийн хэргийг 2016 оны зургадугаар сарын 15-нд хянан хэлэлцжээ. Ингээд Б.Ханбаатарт 9 жилийн хугацаагаар хорих ял оногдуулж шийдвэрлэсэн байна. Уг хэрэг нь давж заалдах болон хяналтын шатны шүүхээр хянагдаад хэвээр батлагдсан нь энэ аж.
“Guys” хамтлагийн дуучин Х.Бат-Ундралд холбогдох хар тамхи хууль бусаар олж авсан хадгалсан гэх хэргийг Хан-Уул дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүх 2016 оны аравдугаар сарын 10-нд хянан хэлэлцсэн. Тус шүүхээс Х.Бат-Ундралд хоёр жилийн хорих ял оногдуулж мөн хугацаагаар тэнсэн хянан харгалзаж, сулласан билээ.
Түүнчлэн дөрвөн настай хүүхэд айлын нохойд хазуулж амь насаа алдсан хэрэг гарч, олныг сэртхийлгэж байв. Энэ хэрэгт нохойн эзэн Б-г буруутгасан бөгөөд түүнд Сонгинохайрхан дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс 2016 оны долдугаар сарын 4-нд хоёр жил зургаан сарын хорих ялыг оногдуулсан байна. Харин бяцхан хүүгийн аминд хүрсэн дундад ази үүлдрийн нохойг устгахыг шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн албанд даалгаж шийдвэрлэжээ.
Мөн ШУТИС-ийн оюутан П-г 2016 оны арваннэгдүгээр сарын 27-ны өдөр 26 удаа хутгалж, амийг нь бүрэлгэсэн хэрэг гарсан.Энэ хэрэг иргэн Б-г буруутган шүүж, Баянгол дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүх тухайн оны долдугаар сарын 27-нд хэргийг хэлэлцсэн ч хэрэгсэхгүй болгож, цагаатгах шийдвэр гаргасан байна. Учир нь шүүгдэгч Б-г аргагүй хамгаалалт хийсэн гэж үзжээ. Гэхдээ уг хэрэг давж заалдах шатны шүүхээс хэвээр батлагдсан ч Улсын дээд шүүхээс 2016 оны аравдугаар сарын 21-нд нэмэлт мөрдөн байцаалтад буцаахаар шийдвэрлэжээ.
Өнгөрсөн онд олны дургүйцлийг хүргэсэн хэрэг гарсан нь 74 настай эмэгтэйг 20 гаруй настай залуус дээрэмдэж, гэмтээсэн явдал юм. Ийнхүү орцонд өндөр настай хохирогч Ц-г хүч хэрэглэж дээрэмдсэн Л.Амаржаргал нарт холбогдох хэргийн Баянгол дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүх 2016 оны аравдугаар сарын 17-нд хянан хэлэлцээд Л.Амаржаргалыг эд хөрөнгийг хураахгүйгээр зургаан жилийн хорих ялаар, Э.Мөнх-Эрдэнэ, А.Баатар нарын эд хөрөнгийг хураахгүйгээр таван жил нэг сараар хорих ял оногдуулахаар шийдвэрлэжээ. Уг шийдвэр давж заалдах болон хяналтын шатны шүүхээр хянагдаж батлагдсан байна.
Эдгээрээс гадна өнгөрсөн онд төрийн албанд тангараг өргөсөн прокурорууд хар тамхины хэрэгт холбогдож, дуулиан дэгдээсэн. Хар тамхи тээвэрлэж, хадгалсан Тээврийн прокурор асан Х.Тамир нарт холбогдох хэргийг Баянгол дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүх хянан хэлэлцэж өнгөрсөн нэгдүгээр сарын 11-нд хянан хэлэлцсэн. Ингээд Х.Тамирт таван жил нэг сарын хорих ял, Б.Амарбаясгалан, Н.Мөнхбат нарт таван жил хоёр сарын хорих ял, Б.Сүхбаатарт зургаан жилийн хорих ял, Л.Жавхланд хоёр жил долоон сар, 17 хоногийн хорих ялыг тус тус оногдуулж шийдвэрлээд байна.
Эх сурвалж: eagle.mn
Монгол Улсын Их Хурлын дарга Миеэгомбын Энхболдод өнөөдөр /2017.02.07/ Эрүүгийн хэргийг хянан шийдвэрлэх тухай болон Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн төслүүдийг УИХ-ын гишүүн, Засгийн газрын гишүүн, Хууль зүй, дотоод хэргийн сайд С.Бямбацогт өргөн мэдүүллээ.
Аль ч улсын төрт ёсны шударга байдлын шалгуурт эрүүгийн хэрэг, эрх зүйн маргааныг шийдвэрлэх тогтолцооны шударга байдал чухал байр суурь эзэлдэг. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн төслийг хууль, шүүхийн өмнө эрх тэгш байх, хүний халдашгүй байх эрхийг хангах, гэм буруутай нь хуулийн дагуу шүүхээр нотлогдох хүртэл хэнийг ч гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцохгүй байх, хэргийн байдлыг тал бүрээс нь бүрэн бодитойгоор тогтоох, шүүгч хараат бус байж, гагцхүү хуульд захирагдах, шүүн таслах ажиллагааг талуудын эрх тэгш байдал, мэтгэлцээний үндсэн дээр явуулах, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа хууль ёсны байх зэрэг зарчмуудыг бүрэн хэрэгжүүлэх үүднээс Эрүүгийн хэргийг хянан шийдвэрлэх тухай хуулийн төслийг боловсруулсан гэж Хууль зүй, дотоод хэргийн сайд С.Бямбацогт онцлов.
Хуулийн төслийг мөрдөн байцаах, шүүн таслах ажиллагааны сайн туршлага, олон жилийн практикаар шалгагдсан хэм хэмжээнүүдийг уламжлан авч үлдэх, бусад орны эрүүгийн процессын хуулийг судалж дэвшилтэт зохицуулалтыг харгалзах, Монгол Улсын нэгдэн орсон холбогдох олон улсын гэрээ конвенцийн заалт, НҮБ-аас ирүүлсэн зөвлөмжүүдэд нийцүүлэх чиглэлээр боловсруулсан юм байна.
Түүнчлэн Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн төслийг өргөн мэдүүлсэн юм.
Өнөөгийн байдлаар манай улсад зөрчлийг шалган шийдвэрлэх чиг үүргийг хэрэгжүүлэгч субьектууд болон тэдний эрх, үүрэг, хэрэгжүүлэх арга хэмжээг Захиргааны хариуцлагын тухай, Төрийн хяналт шалгалтын тухай хуулиас гадна Гаалийн тухай, Татварын Ерөнхий хууль, Өрсөлдөөний тухай зэрэг салбар тус бүрийн хуулиар зохицуулж байгаа юм байна.
Энэ байдал нь хуулийн давхардал, хийдэл, зөрчлийг бий болгож, улмаар зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааг харилцан адилгүй хэрэгжүүлэх, журмаар хүний эрхийг хязгаарлах зэргээр хүн бүр хууль, шүүхийн өмнө эрх тэгш байх, аливаа хэлбэрээр ялгаварлан гадуурхагдахгүй байх Монгол Улсын Үндсэн хуулиар тунхагласан хүний эрхийг хангах явдал гажуудах нөхцөлийг бүрдүүлж байна гэж Хууль зүй, дотоод хэргийн сайд С.Бямбацогт хэллээ.
Иймд дээрх асуудлыг зохицуулах зайлшгүй шаардлагыг харгалзан үзэж, зөрчлийг шалган тогтоох ажиллагааны явцад хүний халдашгүй эрхийг хангах, зөрчил шалган шийдвэрлэх эрх бүхий албан тушаалтнуудын эрх хэмжээг нэг стандартад оруулж, тодорхой хуульчлах зорилгоор Монгол Улсын Үндсэн хууль, Монгол Улсын олон улсын гэрээний суурь зарчимд нийцүүлэн Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн төслийг боловсруулсан юм байна хэмээн Улсын Их Хурлын Тамгын газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.
УИХ-ын чуулганы өчигдрийн нэгдсэн хуралдаанаар зургаан шинэ хууль мэндэлжээ. Тухайлбал, өчигдөр батлагдсан хуулиудын хүрээнд малчин, хувиараа хөдөлмөр эрхлэгчийн тэтгэврийн даатгалын шимтгэлийн нөхөн төлж, онцгой байдлын алба хаагчдын онцгой нөхцөлд авдаг тэтгэмж нэмэгдэн, зарим ААН-үүд татварын хөнгөлөлт эдлэх боломж бүрджээ. Мөн жижиг дунд үйлдвэрлэлийн зориулалттай тоног төхөөрөмжүүдийг гаалийн татвараас чөлөөлж, алдар цолтон, ахмад настанд төрөөс нэмэгдэл, хөнгөлөлтөд өөрчлөлт оруулсан байна.
Ингээд шинээр мэндэлсэн хуулиудтай танилц.
Үрчлэн авсан хүүхдийнх нь тоогоор 1.6 жилийн НДШ нэмж тооцно
Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийг баталлаа. Хууль батлагдсанаар нийтдээ 20-оос доошгүй жил, үүнээс 15-аас доошгүй жил нь малчнаар ажиллаж тэтгэврийн даатгалын шимтгэл төлсөн эрэгтэй 55 нас хүрсэн, 12 жил зургаан сараас доошгүй жил малчнаар ажилласан шимтгэлээ төлсөн 50 настай эмэгтэй өндөр насны тэтгэвэр тогтоолгон авах эрх нээгдэж байна.
Түүнчлэн төрүүлсэн болон гурав хүртэл настайд нь үрчлэн авч зургаан нас хүртэл нь өсгөсөн эхийн нийгмийн даатгалыншимтгэл төлсөн нийт хугацаан дээр төрүүлсэн болон үрчлэн авсан хүүхэд бүрийн тоогоор нэг жил зургаан сарыг нэмж тооцохоор болж байгаа юм.
Мөн хүүхдээ гурван нас хүртэл асрах чөлөөтэй байсан эхэд тэтгэмжийн даатгалын шимтгэл төлсөн сүүлийн 12 сарын хөдөлмөрийн хөлс, түүнтэй адилтгах орлогын дунджаас 100 хувиар тооцож, дөрвөн сарын хугацаанд жирэмсний болон амаржсаны тэтгэмж олгохоор зохицуулжээ.
Энэхүү хууль 2018 оны нэгдүгээр сарын 1-ээс эхлэн хүчин төгөлдөр мөрдөгдөнө.
Малчин, бизнес эрхлэгчид НДШ-ээ НӨХӨН ТӨЛӨХ боломжтой боллоо
Малчин, хувиараа хөдөлмөр эрхлэгчийн тэтгэврийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэх тухай хуулийн төслийн эцсийн хэлэлцүүлгийг хийж, баталлаа. Байнгын хорооны танилцуулгатай холбогдуулан гишүүдээс асуулт, санал гараагүй тул хуулийн төслийг бүхэлд нь батлахыг нэгдсэн хуралдаанд оролцсон гишүүдийн 78.3 хувь нь дэмжиж баталсан байна.
Энэ хуулийн үйлчлэлд 1995 оноос энэ хууль хүчин төгөлдөр болсон өдөр хүртэл хугацаанд малчнаар ажилласан болон хувиараа хөдөлмөр эрхэлж байсан 15-60 насны иргэн хамаарах юм.
Харин ерөнхий боловсролын сургууль, их сургуүль, дээд сургууль, коллежийн өдрийн ангид суралцсан хугацаа малчнаар ажилласан жилд хамаарахгүй юм байна. Мөн малчин болон хувиараа хөдөлмөр эрхлэгчийн өөр ажил эрхэлсэн хугацаа малчнаар ажилласан болон хувиараа хөдөлмөр эрхлэгч байсан хугацаанд хамаарахгүй аж.
Онцгой байдлын алба хаагчид ОНЦГОЙ НӨХЦӨЛД 20 ХУВИЙН НЭМЭГДЭЛ авна
Чуулганы хуралдаанаар Монгол Улсын Ерөнхийлөгчөөс өргөн мэдүүлсэн Гамшгаас хамгаалах тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийн эцсийн хэлэлцүүлгийг хийж эцэслэн баталлаа.
Хууль батлагдсанаар онцгой байдлын албан хаагчдын онцгой нөхцлийн нэмэгдэл үндсэн цалингийн 10 хувь байсныг 20 хувиас доошгүй болж, нэмэгдэх юм байна.
Мөн уг хуулийн төсөлтэй хамт өргөн баригдсан холбогдох 40 гаруй хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай төслүүдийг эцэслэн баталжээ.
ЖДҮ-ийн зориулалттай тоног төхөөрөмжийг гаалийн ТАТВАРААС чөлөөлнө
Дараа нь Улсын Их Хурлын гишүүн Ж.Ганбаатар нарын нэр бүхий 8 гишүүний өргөн мэдүүлсэн Гаалийн албан татвараас чөлөөлөх тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг батлав. Уг хуулийн хүрээнд жижиг, дунд үйлдвэрийн үйлдвэрлэлийн зориулалт бүхий тоног төхөөрөмж, сэлбэг хэрэгслийг 2019 он хүртэл гаалийн албан татвараас чөлөөлөхөөр болж байгаа юм.
Мөн үүнтэй холбогдуулан Гаалийн албан татвараас чөлөөлөх тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуулийн төслийг анхны хэлэлцүүлгээр нь баталжээ.
1.5 тэрбумаас бага орлоготой ААН-үүд ТАТВАРЫН ХӨНГӨЛӨЛТ эдэлнэ
Засгийн газраас өнгөрсөн оны есдүгээр сарын 30-ны өдөр өргөн мэдүүлсэн Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн эцсийн хэлэлцүүлгийг өчигдөр чуулганаар хэлэлцэж, батлав. Хуулийн төслийг эцсийн хэлэлцүүлэгт бэлтгэсэн тухай Төсвийн байнгын хорооны танилцуулгыг Улсын Их Хурлын гишүүн Д.Тогтохсүрэн хийсэн юм.
Уг хуулийн хүрээнд жилийн борлуулалтын орлого нь 1.5 тэрбум төгрөгөөс ихгүй, хүнсний үйлдвэрлэл, хувцас болон нэхмэлийн үйлдвэрлэл, барилгын материалын үйлдвэрлэл болон газар тарилан, мал аж ахуйн үйлдвэрлэлийн чиглэлээр үйл ажиллагаа явуулж байгаа албан татвар төлөгчийн үндсэн үйл ажиллагааны орлогод ногдуулсан татварыг 90 хувиар хөнгөлөх юм. Энэ хуулийн үйлчлэл 2021 оны нэгдүгээр сарын 01 хүртэл хүчин төгөлдөр мөрдөгдөнө.
Алдар цолтон ахмад настанд олгох нэмэгдэл, хөнгөлөлтийг ӨӨРЧИЛЛӨӨ
Алдар цолтон ахмад настанд төрөөс нэмэгдэл, хөнгөлөлт олгох тухай /шинэчилсэн найруулга/ хуулийн төслийн эцсийн хэлэлцүүлгийг хийж, гишүүдийн олонхийн саналаар баталлаа.
Энэ хууль нь Монгол Улсын баатар, хөдөлмөрийн баатар, ардын болон гавьяат цолтон, төрийн шагналт, төрийн соёрхолт, ахмад дайчин, Улсын ударник, хувьсгалт тэмцлийн ахмад зүтгэлтэн, Монгол Улсын Үндсэн хуулийг хэлэлцэж, баталсан /1990-1992 он/ Ардын Их Хурлын депутат, Улсын Бага Хурлын гишүүн ахмад настанд төрөөс нэмэгдэл, хөнгөлөлт олгохтой холбогдсон харилцааг зохицуулах зорилготой юм.
Алдар цолтой ахмад настанд олгох сар бүрийн нэмэгдлийн хэмжээг УИХ-аар тогтоодог ба одоо мөрдөж байгаа хэмжээг УИХ-ын 2008 оны 33 дугаар тогтоолоор тогтоосон байдаг. Иймд Ардын Их Хурлын депутат, Улсын бага хурлын гишүүн байсан ахмад настнуудад олгох нэмэгдлийн хэмжээг тогтоох УИХ-ын тогтоолд сард хэдэн төгрөг олгохыг тухайн үед УИХ-аас шийдэх юм.
Дээрх хуулиуд нь ердийн журмаар буюу батлагдсан өдрөөсөө эхлэн хүчин төгөлдөр мөрдөгдөж байгаа юм.
Авлига нь төрийн тогтвортой байдал, нийгмийн аюулгүй байдалд аюул занал учируулж ардчилсан тогтолцоо, нийгмийн үнэт зүйлс, ёс суртахууны эрхэм чанарыг үнэгүйдүүлэн хууль дээдлэх ёсыг аажимаар устгаж байгааг дэлхий нийтээр хүлээн зөвшөөрч үүний эсрэг тууштай тэмцэх аргыг эрэлхийлж зөвхөн үндэстний хэмжээнд биш олон улсад мөрдөгдөх хэм хэмжээг тогтоосны нэг нь 2003-10-31-нд Нэгдсэн Үндэстний байгууллагын Ерөнхий Ассамблейгаас баталсан Авлигын эсрэг конвенц юм. Авилгын эсрэг конвенци батлагдахаас өмнө Америкийн нэгдсэн улсын байгууллагуудаас 1196-03-29-ний өдөр “Авлигын эсрэг тэмцэх тухай Америкийн улс хоорондын конвенц”, Европын холбооны зөвлөлөөс 1997-05-26-ны өдөр баталсан “Европын хамтын нийгэмлэгийн албан тушаалтан болон Европын холбооны гишүүн улсын албан тушаалтанд холбогдох авлигатай тэмцэх тухай конвенц”, Эдийн засгийн хамтын ажиллагаа, хөгжлийн байгууллагаас 1997-11-21-ний өдөр баталсан “Олон улсын бизнесийн хэлцэлд гадаадын төрийн албан тушаалтныг хахуульдахтай тэмцэх тухай конвенц”, Европын зөвлөлийн Сайд нарын хорооноос 1999-01-27-ны өдөр баталсан “Авилгын талаархи эрүүгийн эрх зүйн тухай конвенц” зэргийг дурьдаж болно. Авилга зөвхөн тухайн улс оронд биш хил хязгаар дамжин, зохион байгуулалттай гэмт хэрэг тухайлбал мөнгө угаах гэмт хэргийн гол суурь хэрэг болж үйлдэгдэж байгааг анхаарч НҮБ-аас баталсан “Үндэстэн дамнасан зохион байгуулалттай гэмт хэргийн эсрэг” конвенц 2003-09-29-ний өдөр хүчин төгөлдөр болсон юм[1] .
2003-10-31-нд Нэгдсэн Үндэстний байгууллагын Ерөнхий Ассамблейгаас баталсан Авлигын эсрэг конвенцид Монгол улс 2005 онд нэгдэн орсон бөгөөд уг баримт бичгийг үндэсний хууль тогтоомжийн нэгэн адил дагаж мөрдөх үүрэг хүлээсэн юм.[2] Авилгын эсрэг конвенцийн үр нөлөө, Монгол Улсын хуульд хэрхэн тусгалаа олсон талаар тодруулахаас өмнө “Авлига” гэдэг нэр томъёоны тухай тодруулах нь зүйтэй болов уу.
Авилга буюу “Korruption” гэдэг үг “corrumpere” гэсэн латин үгнээс гаралтай бөгөөд энэ нь ялзарч муудах, өнгө зүсээ алдах, ёс суртахууны доройтолд орох гэсэн утгатай ажээ.[3] Эртний Египэтээс үүсэлтэй улмаар Ромын эзэнт гүрнийг мөхлийн ангалруу түлхэсэн авилга гэгч нь түүхийн бүхий л цаг үед хаад ноёд, эрхтэн дархтнуудад тал засах, тэдгээрийн эрх мэдлээ хадгалж үлдэхийн төлөөх ил далд тэмцлэлд гол үүрэг гүйцэтгэж ирсэн байна. Платон, Аристотел нар нь тухайн цаг үедээ эрхтэн дархтан, жирийн ард түмний амьдралын ялгаа, төрийн шударга бус хуваарьлалт, сонгуулийн саналыг худалдах, төрийн эрх мэдлийг өөр хоорондоо наймаалцах аргаар бие биендээ шилжүүлж буй байдал мөн эдийн засгийн тэнцвэргүй байдал буюу баян хоосны ялгааг олж харан энэ тухай өөрсдийн боловсруулсан онол сургаальд тусгаж байсан нь түүхэнд тэмдэглэгдэн үлджээ.[4] Монгол улсын хөгжлийн түүхэнд ч авилга хар мөрөө үлдээсэн нь манжийн дарлалд нухлагдсан бараан цаг үед түшмэд ноёд эрх мэдлийн төлөө манжийн хаанд тал засч эмс охидоо бэлэглэн өргөл барьц өгөх, манжийн эсрэг тэмцсэн эх орончдоо худалдаж байсан нь мөн Богд хаант Монгол Улсын үед ч дээдэст тал засч чадсан нь хангалуун амьдардаг байсан зэрэг нь мөн л түүхэнд бичигдсэн байдаг. Дээрхи жишээ нь авилга гэгч үүссэн цаг үеэсээ түүхэнд хар мөрөө үлдээж үндэстнийг үгүй хийх хэмжээний хор нөлөөтэйг харуулж байна. Авилга Монгол Улсын үндэсний аюулгүй байдалд заналхийлж түгшүүрийн харанга хэдийн дэлдснийг олон жишээгээр дурьдаж болно.
Монгол Улсын Үндэсний аюулгүй байдлын тухай хуулинд: Үндэсний аюулгүй байдал гэж Монгол Улсын үндэсний язгуур ашиг сонирхлыг хангах гадаад, дотоод таатай нөхцөл баталгаатай хангагдсан байдлыг хэлнэ. Мөн “Үндэсний язгуур ашиг сонирхол”-д Монгол Улсын тусгаар тогтнол, нутаг дэвсгэрийн бүрэн бүтэн байдал, монголын ард түмэн, соёл иргэншил оршин тогтнох, үндэсний эв нэгдэл, хүний эрх, эрх чөлөө баталгаатай хангагдсан байдал, эдийн засгийн тогтвортой, экологийн тэнцвэрт хөгжил багтана[5] гэж заасан байдаг.
Монгол улсын үндэсний аюулгүй байдлын бүрдэл хэсгүүдийг
Монгол Улсын аюулгүй оршин тогтнохын аюулгүй байдал
Эдийн засгийн аюулгүй байдал
Нийгэм төрийн аюулгүй байдал
Иргэний эрх эрх чөлөөний аюулгүй байдал
Шинжлэх ухаан технологийн аюулгүй байдал
Мэдээллийн аюулгүй байдал
Монгол соёл иргэншлийн аюулгүй байдал
Хүн амын удмбн сангийн аюулгүй байдал
Экологийн аюулгүй байдал юм. Эдгээр бүрдэл хэсгүүдээс аль нэг алдагадахад үндэсний аюулгүй байдлын тухай цогц асуудал урган гарч ирнэ. Эдгээрээс Монгол Улсын эдийн засгийн аюулгүй байдал өнөөдөр бүрэн хамгаалагдаж чадаж байгаа эсэхийг Авилгын эсрэг конвенцын зарчим, заалт манай улсын үндэсний хууль тогтоомжид тусгалаа олж хэрэгжиж чадаж байгаа эсэхийг судалгаа болон холбогдох хуулийн заалтыг үндэслэн та бүхэнд харуулахыг зорьлоо. Харьцуулалт хийхийн өмнө та бүхнийг Транспэранси Интернешнил олон улсын байгууллагаас жил бүр авилгын индексийг судлан зарладаг судалгааны дүнд анхаарлаа хандуулахыг хүсч байна. Уг судалгааны үр дүнгээс харахад 1999 онд Монгол улс 99 орноос 49 дүгээр байранд буюу дундаж үзүүлэлттэй байсан бол 2005 онд 158 орноос 85 дугаар байранд 2012 онд 174 орноос 94 дүгээр байранд орж үзүүлэлт нэлээд олон нэгжээр доошилж 2013 онд 175 орноос 83, 2014 онд 174 орноос 80 дугаар байранд орсон үзүүлэлттэй байна.[6] Авлигын нөхцөл байдлын индексийн дагуу 10 оноо авах ёстойгоос /авлигагүй бол/ дөнгөж 3.0 оноо авч байгааг тооцвол авлигын нөхцөл байдал манай улсад даамжран хүндрэх чиглэлтэйг харуулж байна.
Авилга цэцэглэх хамгийн таатаай боломж хөрс бол байгалийн баялагтай, техник технологийн хувьд хараат, хөгжингүй буурай орнууд гэдгийг түүх нэгэнт баталсан, дэлхий нийтээр хүлээн зөвшөөрсөн мөн үндэсний аюулгүй байдал нь байгалийн баялагын аюулгүй байдлаас ихээхэн хамаарах болсон энэ үед Монгол Улсын нүүрс, алт, зэс, молибден зэрэг байгалийн баялгийн асар их нөөц нь дэлхийн өндөр хөгжилтэй орнууд үндэстэн дамнасан корпорациудын сонирхлыг ихээхэн татаж хөрөнгө оруулалт, хөнгөлөлттэй удаан хугацааны гэх чимэг зүүлт зүүсэн зээл, тусламж, амлалт ар араасаа цуварч үүнтэй холбоотойгоор Монгол улсад хийж буй гадаадын шууд хөрөнгө оруулалт жил ирэх бүр нэмэгдэж байгаа бөгөөд 85 гаруй хувь нь уул уурхайн салбарт хийгдэж байна. [7]
Байгалийн баялагаа түшиглэж хөгжих сонирхолд тулгуурлан хөрөнгө оруулагчдыг татах нэрээр хөрөнгө оруулалтын өрсөлдөөн нэмэгдэхийн хэрээр өөрт ашигтай хууль, шийдвэр гаргуулахын тулд эрх мэдэлтнүүдийн хахуульдах, үндэсний хууль тогтоомжид буй хуулийн цоорхойг ашиглах, аливаа нам, бүлэглэлийн сонгуульд хандив өгөх, авилгын хамгийн далд хэлбэр болох давуу талууд буюу хувь хүртээх, үнэт цаасны зах зээлд авилгын замаар өгсөн авсан хувьцааг борлуулж дүрсийг хувиргах зэрэг авилгын нөгөө тал мөнгө угаах гэмт хэрэг үйлдэгдэж улмаар эдийн засгийн эрүүл бодлого алдагдсан олон улсуудын гашуун түүхийг давтахгүй байх боломж манай улсад бий.
Авилгатай тэмцэх гол суурь нь төрийн зөв бодлого, шударга улс төрчид, цоорхойгүй хууль, тэгш хяналт, хуулийн байгууллагын улс төрөөс ангид хараат бусаар үйл ажиллагаа явуулах боломж гэх мэтчилэн олон хүчин зүйл байдаг.
Эдгээрээс өнөөдөр Монгол улсад хүчин төгөлдөр мөрдөгдөж байгаа гол хууль амьдралд нийцэхгүй, олон улсын гэрээ конвенцийн шаардлагыг хангахгүй байгаа нь харамсалтай.
Тухайлвал манай улсын Эрүүгийн хуульд байгаа шан харамж болон хээл хахуультай холбоотой заалтууд 2003-10-31-нд Нэгдсэн Үндэстний байгууллагын Ерөнхий Ассамблейгаас баталсан Авилгын эсрэг конвенцтэй[8] харьцуулахад хэт явцуу байна. Уг конвенцийн 16 дугаар зүйлд гадаадын төрийн албан тушаалтан болон олон улсын байгууллагын албан тушаалтныг хахуульдах үйлдлийг гэмт хэрэгт тооцох тухай мөн 21 дүгээр зүйлд хувийн хэвшил дэхь авилгыг гэмт хэрэгт тооцох тухай заасан боловч дээрхи заалтууд Монгол улсын Эрүүгийн хуульд бүрэн утгаараа тусгалаа олоогүй өнөөдрийг хүрчээ. Ашигт малтмалын эрэл хайгуул, олборолт хийх зөвшөөрөл, байгалийн баялагийг өөр бусад хэлбэрээр зарж борлуулах зөвшөөрөл олгох эрх уг чиг үүргийг хэрэгжүүлдэг байгууллага албан тушаалтны хувьд онцгой чиг үүрэг юм. Тусгай эрх олгох албан тушаалтан өөрийн чиг үүргийг хэрэгжүүлэх явцад өөртөө эсхүл өөр этгээд буюу байгууллагад шууд болон шууд бусаар зүй бус давуу тал олгох зорилгоор чиг үүрэг, албан тушаалын байдлаа урвуулан ашиглах, аливаа үйлдлийг хууль тогтоомж зөрчин гүйцэтгэх эсхүл гүйцэтгэхгүй байх үйлдлийг гэмт хэрэгт тооцож байхыг НҮБ-ын конвенцийн 19 дүгээр зүйлд оролцогч улс бүрт үүрэг болгожээ. Алгын чинээ цаасан дээрхи гарын үсэг араасаа хэдэн арван сая, тэрбум төгрөгөөр тооцогдох шан харамж, хахуулийн хардлага нийгэмд төрүүлж байгаа нь хүчин төгөлдөр үйлчилж байгаа Эрүүгийн хууль тогтоомжийн заалтад дүгнэлт хийхэд зарим талаар үндэслэлтэй байж болох өөрөөр хэлбэл албан тушаалтанд ашигтай ч байж болох зүйл анги байгааг хүлээн зөвшөөрөхөөс аргагүй байна. Тухайлвал: Эрүүгийн хуулийн тусгай ангийн 170 дугаар зүйлд “тусгай зөвшөөрөл олгох эрх бүхий байгууллагын ажилтан албан үүргийн дагуу ажил гүйцэтгэж үйлчилгээ үзүүлэх үүргээ далимдуулан хясан боогдуулах замаар удаа дараа буюу их хэмжээний шан харамж авсан нь албан тушаалын гэмт хэргийн шинжгүй бол тодорхой албан тушаал эрхлэх, үйл ажиллагаа явуулах эрхийг гурван жил хүртэл хугацаагаар хасч хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг нэг зуугаас нэг зуун тавь дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, гурваас дээш зургаан сар хүртэл хугацаагаар баривчлах, эсхүл хоёр жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ ….”[9] гэж заасан нь учир дутагдалтай байна. Дээрх хуулийн заалтаар нэг удаа бага бус эсхүл үлэмж хэмжээний шан харамж авсан бол захиргааны хариуцлага хүлээж их хэмжээний шан харамж авсан бол эрүүгийн хариуцлага хүлээлгэхээр байгаа нь шударга бус юм.
Хууль тогтоогч авлигын хамгийн түгээмэл хэлбэр болох шан харамжийн авч болох хэмжээг тогтоон дээрх субъектүүдийг “их” хэмжээтэй л биш бол тодорхой хэмжээгээр албан тушаалаа ашиглан “боломжийн орлого” олж амьдралаа дээшлүүлэхийг хуулиар “зөвшөөрснийг” төрөөс бэлэглэсэн бэлэг гэж үзэхээс өөр яах билээ. Авилгын хамгийн түгээмэл хэрэг болох шан харамжийн заалтыг хэт явцуу тодорхойлж, хүлээлгэж болох ял шийтгэлийн хэмжээг “толгой илэх” хэмжээнд тогтоон шан харамжийн хэргийг авилгын гэмт хэргийн төрөлд биш аж ахуйн эсрэг гэмт хэргийг бүлэгт оруулсан нь конвенцийн агуулга зарчимтай харшилж байна.
Чанаргүй барилга, зам ашиглалтанд оруулах зөвшөөрөл олгох, хилээр хууль бус зүйл, их хэмжээний мөнгө зэргийг “анзааралгүй” оруулах, эрүүл ахуйн шаардлага хангаагүй нөхцөлд үйл ажиллагаа явуулж буй хуулийн этгээдийг “сануулсан” болоод өнгөрөх цаашилбал тендер нэрийн доор хууль бус сонгон шалгаруулалт явуулах, төрийн тусгай хамгаалалттай газар барилга барих зөвшөөрөл олгох, цаасан дээр монгол хүний нэр бичигдэж цаанаа гадны эзэнтэй аж ахуйн нэгжид тогтоосон хуль, дүрэм зөрчин уул уурхай, хайгуул, олборлолтын зөвшөөрөл г.м тусгай зөвшөөрөл олгох гэх мэт жагсаалт хөвөрнө. Түүнчлэн их хэмжээний шан харамж гэдгийг хэдэн төгрөгөөр тооцох тухай Эрүүгийн хуульд байдаггүй ба зөвхөн гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг яаж тооцохыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 29 дүгээр зүйлд зохицуулсан байдаг. Практикт дээрх заалтыг барин хээл хахуулийн хэмжээг тооцож байгаа нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3 дугаар зүйлд заасан хууль ёсны зарчимыг зөрчиж байна. Мөн 192,000 төгрөгний эд зүйл хулгайлсан иргэнд эрүүгийн хариуцлага хүлээлгэж байгаа нь дээрхи хуулийн заалттай харьцуулахад Монгол Улсын Үндсэн Хуульд заасан хүн бүр хууль, шүүхийн өмнө тэгш эрхтэй байх зарчим зөрчигдөж байгааг харуулж буй бодит жишээ юм.
НҮБ-ын конвенцийн 15 дугаар зүйлд нийтийн албан тушаалтан эрхэлж буй ажлаа ашиглан аливаа давуу тал олж авсан үйлдэл эс үйлдэл болгоныг гэмт хэрэгт тооцохоор заасан боловч Монгол Улсын эрүүгийн хууль тогтоомжид энэ заалт өнөөдрийг хүртэл тусгалаа олоогүй байна. Тодруулвал хээл хахуулийн гэмт хэргийн объектив талын бүрэлдхүүнийг …Албан тушаалтан хээл хахууль өгөгчийн ашиг сонирхлын үүднээс албан үүргийн хувьд гүйцэтгэх үүргээ хэрэгжүүлэхгүй байх, эсхүл гүйцэтгэх ёсгүй үйлдлийг хийхээр….. гэсэн ерөнхий үйлдлээр хязгаарласан нь өндөр түвшний авлигыг илрүүлэх боломжгүй болгож хууль ёсны дагуу шийдвэр гаргаж, хуулиар хүлээсэн үүргээ биелүүлснийхээ төлөө хахууль, шан харамж, эдийн болон эдийн бус давуу тал олж буй этгээдүүдэд ял завшуулах боломжийг бүрдүүлж байна. Дээрхи заалтаар өндөр түвшний буюу бодлогын түвшинд үйлдэгдэж буй авилгын гэмт хэргийг шалгах боломжгүй бөгөөд ялангуяа өндөр албан тушаалтан эрхэлж буй албан тушаалын нөлөөгөө ашиглаж олсон эдийн болон эдийн бус давуу талууд гэмт хэрэгт тооцогдохгүй байгаа нь шударга бус бөгөөд авлигын эсрэг манай улс бүрэн тэмцэж чадахгүй байгааг харуулж буй бодит жишээ юм. НҮБ-ын конвенцийн 15 дугаар зүйлд нийтийн албан тушаалтан эрхэлж буй ажлаа ашиглан аливаа давуу тал олж авсан үйлдэл эс үйлдэл болгоныг гэмт хэрэгт тооцохоор үүрэг болгосныг дурьдах нь зүйтэй болов уу.
Олон улсын санхүүжилт эсрүл корпораци, компани тухайн улс оронд үйл ажиллагаа явуулахын тулд олон шатлалтай, тусгай шалгуурыг давсан байж тусгай зөвшөөрөл авдаг. Уг зөвшөөрөл хамтын зарчимаар шийдэгдэх буюу зөвхөн нэг эрх мэдэлтний зөвшөөрлөөр олгогдох боломжгүй байдаг бөгөөд боломжгүй зөвшөөрлийг боломжтой болгох нэг хар зам нь өндөр түвшний авилга юм. Өндөр түвшний авлига гэдэг нь хэм хэмжээ тогтоосон шийдвэр гаргах түвшинд бусдад давуу тал олгох эсхүл хууль бус нөлөөллийг хамтын шийдвэр нэрийн доор баталгаажуулах үүний үр дүнд удаан хугацааны туршид эсхүл зохион байгуулалттайгаар хууль бус ашиг, эдийн болон эдийн бус давуу тал олох бусдад олгох бүхий л хэлбэрийг хэлдэг.[10] Авилгын илрэх хэлбэрийг олон улсад 2 янзаар ангилдаг.
Petty Corruption/Situative Korruption/ – тохиолдлын буюу нэг удаагийн, илрүүлж шалгаж тогтооход хялбар, албан хаагчид ихэвчлэн өртдөг, авсан авилгын хэмжээ бага буюу хууль бусаар олсон хөрөнгө, давуу талыг тогтоох боломжтой
Grand Corruption/Strukturelle Korruption/ : Өндөр түвшний буюу төрийн болон олон улсын байгууллагын өндөр албан тушаалтан , томоохон аж ахуйн нэгж оролцсон, улс төрийн нөлөө, хууль бус лоббигоор дамжиж эсхүл тодорхой бизнесийг далд аргаар дэмжихэд чиглэгдсэн, авилгын төрөл нь ихэвчлэн үнэт цаас, хөрөнгө оруулалт, хөнгөлөлт, давуу тал байдаг бөгөөд хууль бусаар олсон зүйлийг эдийн засгийн эргэлтэнд оруулах буюу мөнгө угаах гэмт хэрэг давхар үйлдэгддэг. Хууль бус харьцаа нь удаан хугацааны эсхүл үргэлжилсэн шинжтэй бөгөөд илрүүлэхэд бэрхшээлтэй байдаг.[11]
Монгол Улсын эрүүгийн эрх зүйд өндөр түвшний авилгын талаар судлах эх сурвалж, хууль зүйн талаас томъёолсон тодорхойлолт бараг байдаггүй бөгөөд хуульчид эсхүл хууль тогтоогчид үүнд анхаарлаа хандуулахгүй эсхүл конвенцийн агуулга, ач холбогдлыг мэдсэн боловч үндэсний хууль тогтоомжид бүрэн тусгахгүй цаг алдаж байгаа нь олон талын шалтгаантай гэх хардлагыг төрүүлж байна. Тусгай зөвшөөрөл олгохтой холбоотой хэрэг маргааныг шийдвэрлэх шатанд шүүгч илт хууль бус шийдвэр гаргаж бусдад давуу тал олгосон үүний төлөө шан харамж, хээл хахууль, давуу тал олсон бол авилгын гэмт хэрэгт тооцогддог практик олон улсад тогтжээ. Монгол улсын эрүүгийн хуулийн тусгай ангид дээрхи зохьцуулалт мөн л бүрхэг байна. Тухайлвал:
Эрүүгийн хуулийн тусгай ангийн зарим заалтыг жишээ болгон харуулвал:
250.1.Шүүгч шунахайн болон хувийн бусад сэдэлтээр илт хууль бус шийдвэр гаргасан бол.. таван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ… гэж заасан. Шунахайн сэдэлт гэдэг материаллаг буюу эдийн болон эдийн бус давуу тал олж авах хүсэл, сонирхол юм. Хуулийн дээрх заалтад дурьдагдсан субъект хээл хахууль авч хуулиар олгогдсон онцгой эрхээ урвуулан шийдвэр гаргасан тохиолдолд шүүн таслах ажиллагааны эсрэг гэмт хэрэгт тооцож байгаа нь буруу бөгөөд дээрхи тохиолдолд авилгын эсрэг гэмт хэрэгт тооцон эрүүгийн хариуцлага хүлээлгэхээр өөрчлөх мөн Эрүүгийн хуулийн 268 дугаар зүйлд дээрх субъектүүдийг тусгайлан нэрлэж өгөх шаардлагатай. Германы Эрүгийн хуулийн тусгай ангийн 331, 332 дугаар зйүлүүдэд дээрх гэмт хэргийн субъектүүдийг албан тушаалтан, нийтийн албан хаагч гэж зааснаас гадна шүүгчийг тусад нь томъёолон заасан байдаг. Учир нь шүүгч шүүн таслах үйл ажиллагааг хэрэгжүүлэх онцгой эрхээ урвуулан хээл хахууль авсан, давуу тал олсон бол илүү хүнд ял шийтгэл оногдуулахаар заасан нь үндэслэлтэй. Харин манай улсын Эрүүгийн хуулийн 250 дугаар зүйлийн 250.1, 248 дугаар зүйлийн 248.1-д зааснаар хүлээлгэх хариуцлага буюу оногдуулах ял шийтгэл нь мөн хуулийн 268 дугаар зүйлд зааснаар хүлээлгэх ял шийтгэлтэй харьцуулахад хөнгөн, албан тушаал эрхлэх эрх хасах ялгүй байгаа нь ял завших боломжийг бий болгохоос гадна хуулийн шударга ёсны зарчимд нийцэхгүй байна. [12]
Тусгай зөвшөөрөл тэр тусмаа байгалийн баялаг ашиглах, олборлохтой холбоотой зөвшөөрөл олгох үйл ажиллагааг Эрүүгийн хуулийн холбогдох цөөхөн заалттай уялдуулан дүгнэлт хийхэд манай улс НҮБ-ын конвенцийг үндэсний хууль тогтоомжийн нэгэн адил дагаж мөрдөх үүргээ биелүүлээгүй өнөөдрийг хүрчээ. Үндэсний аюулгүй байдлын салшгүй бүрэлдхүүн болох байгалийн баялагаа бусдад ашиглуулах, эсхүл борлуулах үйл ажиллагаа хуулийн олон талын хамгаалалтад явагдах ёстой. Байгалийн баялагтай холбоотой бизнесийн хөрөнгө оруулалтын хэмжээ хэдэн тэрбумаар тооцогдож байгаа үед хуулийн цоорхой ашиглан Монгол Улсад хууль бус мөнгө урсах боломж хөрс бий болсны анхаарах болжээ.
Авлигын хэрэг шалгах бүрд давхар мөнгө угаах гэмт хэргийг шалгаж хэвших буюу мөнгө угаах гэмт хэргийн суурь гэмт хэргүүдийг Эрүүгийн хуулинд тодорхой нэрлэх шаардлага зүй ёсоор урган гарч байна. Авлигын хэрэг ямагт ил далд аргаар үйлдэгдэхээс гадна уг гэмт хэргийг илрэхээс сэргийлэх зорилгоор гэмт этгээдүүд авлигаар авсан зүйл, эдийн болон эдийн бус давуу байдлыг дүрс, хэлбэр, байршил зэргийг нарийн зохион байгуулалттайгаар өөрчилж ингэхийн тулд бусдыг гэмт хэрэгт буюу мөнгө угаах гэмт хэрэгт татан оролцуулах нь олон улсын хэмжээнд төдийгүй манай улсын хар зах зээлд хэдийн байр сууриа олсон байна. Тухайлбал авлигын гэмт хэрэг үйлдэж олсон хувьцаа үнэт цаасны зах зээлд борлогдох, халхавч болгож үйлдсэн зээлийн гэрээ, зохиомол өр, бусдын нэр дээр авсан хөдлөх болон үл хөдлөх хөрөнгө зарагдах, түрээслэх хууль бус бэлэглэлийн гэрээгээр шилжих, аж ахуйн нэгжийн хувьцааг гэр бүл, найз нөхөд гэх мэт өөр хүний нэр дээр эзэмшүүлэн хувь хүртэх, гадаадад дансанд их хэмжээний мөнгө, валют зэргээр мөнгө угаах гэмт хэргийн энгийн элемэнт агуулагдсан үйлдлүүдэд анхаарлаа хандуулах цаг болжээ. Мөнгө угаах гэмт хэрэг дараахь үе шаттай үйлдэгддэг.[13]
Placement буюу байршуулах: Эхний үе шатанд хууль бусаар олсон үнэт цаас, мөнгө, эд зүйлс, хувьцаа, бусад эрхийн бичиг гэх мэтийг хаа нэгтээ байршуулдаг. Тухайлбал: Өөр хүний нэр дээр банканд хадгаламж болон харилцах данс нээлгэх, үнэт цаас, чек худалдан авах, алт үнэт зүйлсийг хадгалуулах г.м
Layering буюу нуун далдлах үе:Энэ үе шатанд дээр дурьдагдсан зүйлсийн гарал үүслийг нь нуун далдлах зорилгоор байршуулсан зүйлээрээ хөрөнгө оруулалт, хандив тусламж, хүүтэй зээл, бусдын нэр дээр объект, хөдлөх болон үл хөдлөх эд хөрөнгө худалдан авах, асрамжийн болон буяны байгууллага, сан, компани, банк байгуулах, тэдгээрийг даатгуулах зэрэг үйлдэл хийгддэг.
Integration буюу эргэлтэнд оруулах үеСүүлийн энэ үе шатанд гарал үүслийг нь нуусан мөнгө бусад зүйлийг хууль ёсны эдийн засгийн эргэлтэнд оруулдаг. Өөрөөр хэлбэл хөрөнгө оруулалт хийсэн газраа зарах, түрээслэх замаар ашиг олох, зээлсэн мөнгөнийхөө хүүг авах, компани, сангийн тодорхой хувь эзэмшигч болох гэх мэт. Дээрхи үйл явцаас харахад авлигын болон мөнгө угаах гэмт хэргийг тусад нь салгаж ойлгон, уг хэргийг шалгах ажиллгааг зэрэг явуулдаггүйгээс авилгын хэрэг үйлдсэн этгээдийн хууль бусаар олсон хөрөнгө, давуу талыг бүрэн олж тогтоолгүй ял шийтгэл оноогоод орхих нь бусад этгээд хууль бусаар хөрөнгөжих боломжийг бий болгож байна. Иймд ялангуяа гадны улс оронд хөдлөх үл хөдлөх хөрөнгө худалдан авах, дансанд мөнгө байршуулах үйл ажиллагааг хянаж тогтоохын тулд эрх зүйн туслалцаа үзүүлэх гэрээтэй болон гэрээгүй орнуудтай Авлигын эсрэг конвенцийн 6 дугаар зүйлд заасны дагуу харьцах, өөр бусад хэлбэрээр хамтран ажиллах боломжийг бүхий л талаар судлан зохион байгуулах талаар конвенцоор хүлээсэн үүргээ биелүүлэх ажлыг эрчимжүүлэх шаардлагатай байна.
Зөвхөн байгалийн баялаг ашиглуулах, эзэмшүүлэх зөвшөөрөл олгох үйл ажиллагаа авилгад автагдахад үндэсний аюулгүй байдалд хэрхэн хортойгоор нөлөөлж болохыг энэхүү илтгэлээр харуулахыг зорьлоо.
Байгалийн баялаг дагасан сонирхол, өрсөлдөөнд ямар ч аргаар хамаагүй Монгол улсад үйл ажиллагаа явуулах зөвшөөрөл авахаар улайрч буй удаа дараагийн оролдлого, өндөр түвшний авилга буюу хууль бус лоббигоор дамжиж эсхүл тодорхой бизнесийг далд аргаар дэмжихэд чиглэгдсэн бодлогоор дамжиж орж ирэх хөрөнгө оруулалт нэртэй хууль бус мөнгөний урсгалыг таслан зогсоох цаад агуулгаараа үндэсний аюулгүй байдлыг бэхжүүлэх алхам бол НҮБ-ын өмнө хүлээсэн үүргээ биелүүлж үндэсний хууль тогтоомж тэртусмаа Эрүүгийн хуульд нэн даруй өөрчлөлт оруулах явдал юм.
ХУУЛЬ ЗҮЙН УХААНЫ ДОКТОР БЯМБАЖАВЫН ӨНӨРМАА.
1] Авлигын эсрэг НҮБ-ын Конвенц
[2] 2005-10-27-ны өдөр Монгол Улсын Их Хурал уг конвенцийг соёрхон баталсан
[3] Unurmaa Byambajav, Die Unrechtsvereinbarung als Kern der Korruptionsdelikte, 2014, S.6; Ueberhofen, Korruption und Bestechungsdelikte im staatlichen Bereich, 2009, S. 30
[4] Walter de Gruyter Theologische Enzyklopädie, Teil 1, Band 1 -Teil 2, Band 27
[5] Монгол Улсын Үндэсний Аюулгүй байдлын тухай хууль
[6] https://www.transparency.de/Corruption-Perceptions-Index-2.2569.0.html
[7] www.invest.mn/mgluurhai.html
[8] Авлигын эсрэг НҮБ-ын конвенц
[9] Монгол Улсын Эрүүгийн хууль
[10] Bannenberg, Korruption in Deutschland: Portrait einer Wachstumsbranche, S.33; Internationales Handbuch der Kriminologie, Band 28 S.365
[11] Bannenberg, Korruption in Deutschland: Portrait einer Wachstumsbranche, S.33; Internationales Handbuch der Kriminologie, Band 28 S.365, Hoeffling, Korruption als soziale Beziehung, S.32
[12] Unurmaa, Die Unrechtsvereinbarung als Kern der Korruptionsdelikte, 2014, 6 Teil
[13] Монголд мөнгө угааж байна уу гэсэн нийтлэлээс мөнгө угаах гэмт хэргийн тухай дэлгэрэнгүй үзэх,Eigen, Das Netz der Korruption: wie eine weltweite Bewegung
АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамп өнгөрсөн баасан гаригт Цагаачдын урсгалыг хянах, хязгаарлах тухай зарлиг гаргаж баталгаажуулсан нь эдүгээ дотоод, гадаадад хүчтэй эсэргүүцэлтэй тулгараад байгааг бид мэднэ. Тэгвэл яагаад сонгуулийн кампанийнхаа турш бараг бүтэн жил ярьсан бодлого хэрэгжиж эхлэхдээ ингэж их эсэргүүцэлтэй тулгарав аа. Бас яагаад энэ асуудал зөвхөн АНУ, хоригт хамаарагдсан долоон улсын хязгаараас давсан асуудал болж хувирав. Энэ бүхний шалтгааныг доорх байдлаар тайлбарлаж байна.
Хууль сахиулагчдад шийдвэрээ ойлгуулж чадаагүй
Доналд Трамп зарлигт орон нутгийн цагаар баасан гаригийн 16.52 орчимд гарын үсэг зурсан юм байна. Үүнээс хэдхэн цагийн дараа бүрэн эхээрээ олон нийтэд танилцуулагджээ. Гэвч энэ талаар өмнө нь анхааруулж хэлж, таниулга хийгээгүйгээс гүйцэтгэх ажиллагаа эхэлмэгц л хууль сахиулагч, иргэдийн хооронд үл ойлголцол үүссэн аж. Энэ нь нэгдүгээрт, цагаачдын зүгээс Трампыг бодлогоо ийм хурдан хэрэгжүүлж эхэлнэ гэж санаагүй, нөгөө талаар холбогдох албанаас ташаа мэдээлэл олон нийтэд тараасантай холбоотой байж. Хууль зүйн яамнаас эхлээд хориг АНУ-д байнга оршин суух зөвшөөрөлтэй хүмүүст хамаарахгүй гэж тайлбарласан мэдэгдэл хийсэн нь “Ногоон карт” эзэмшигч цагаачдыг тайвшруулжээ. Ингээд гэнэ сэрэггүй явж байтал “Ногоон карт” эзэмшдэг байх нь хамаагүй” гээд бариад эхэлсэн юм байна. Цагаан ордны төлөөлөгч Райнс Прибус шийдвэр хэрэгжиж эхэлснээс хойш хоёр хоногийн дараа буюу ням гаригт л “Ногоон карт” эзэмшигчдийг нэг бүрчлэн шалгалтад хамруулж байж албадан гаргах эсэхийг шийднэ” гэдгийг тайлбарлаж байх жишээтэй. Иргэдийн дургүйцлийг хүргэх болсон эхний шалтгаан нь энэ.
Давхар иргэншлийн асуудлыг тооцоогүй
Доналд Трамп зарлигаа гаргахдаа давхар иргэншлийн асуудлыг нарийвчлан зохицуулаагүй нь эсэргүүцлийн хөдөлгөөн илүү өргөн хүрээг хамрах шалтгаан болжээ. Европын холбоонд багтдаг олон улс давхар иргэншлийг хүлээн зөвшөөрдөг. Гэтэл хоригт багтсан долоон улсын аль нэгнийх нь иргэн Европын холбооны улсад давхар иргэншилтэй тохиолдолд АНУ-д нэвтэрч чадахгүй байх нөхцөл үүсчээ. Германы хууль тогтоох дээд байгууллага болох Бундестагийн гишүүн, иран гаралтай улстөрч Омнид Нурипур үүнээс болоод нэгдсэн улсад төлөвлөгдсөн чухал уулзалтад оролцож чадахгүйд хүрсэн. Уулзалт нь АНУ-Германых байдаг, гэтэл хариуцсан хүн нь ираны пасспорт давхар эзэмшдгээсээ болоод ажлаа цалгардуулсан. Хоригт хамрагдсан Иран бус, харин огт хамааралгүй Герман, бас эрх ашгаа хамгаалах санаатай байгаа АНУ-ын эрх ашиг хохироод өнгөрсөн байна. Энэ нь Трампыг эсэргүүцэгчдээсээ “Шийдвэрийг дутуу дулимаг боловсруулснаас болж улс орны эрх ашиг, цаашлаад гадаад харилцаанд сэв суулгасан” гэсэн шүүмжлэл сонсоход хүргэлээ. О.Нурипуртай холбоотой хэрэг явдлын дараа Канадын Ерөнхий сайд Жастин Трюдо шийдвэрийн хэрэгжилт Канад улсын давхар иргэншилтэй хүмүүст хамаарахгүй гэсэн баталгааг Трампын Үндэсний аюулгүй байдлын зөвлөх Майкл Флиннээс хүлээж авсан гэдгээ зарласан юм. Гэтэл давхар иргэншлийг зөвшөөрдөг өөр олон улс бий. Тэдгээрийн асуудлыг хэрхэн шийдэх нь тодорхойгүй. “Ногоон карт” эзэмшигчдийн жишгээр хүн тус бүр дээр шалгалт явуулна гэвэл наанадаж цаг хугацаа шаардсан, цаанадаж бусад улс орныг үл хүндэтгэсэн явдал болох гээд байдаг. Гүйцэтгэх засаглалтай ярилгүйгээр шийдвэр гаргасан
АНУ-д хууль ёсны эрхтэйгээр амьдарч буй хоригт багтсан орны иргэдээс салбартаа амжилттай ажиллаж байгаа шилдэг боловсон хүчин цөөнгүй байдаг юм байна. Нью Йоркийн нисэх буудлаас хамгийн түрүүнд баригдсан хүмүүсийн дунд АНУ-ын армийн Ирак дахь 101 дүгээр агаар-десантын дивизэд орчуулагчаар ажилладаг Хамид Дарвиш байжээ. Энэ мэдээлэл тарсны дараа Төлөөлөгчдийн танхимын гишүүн Жастин Амаш твиттер хуудсандаа “Ногоон карт эзэмшигчид манай зэвсэгт хүчинд зүтгэдэг. Тэд хамгийн шилдгүүд байдаг” хэмээн жиргэснийг Хиллари Клинтоны талыг баримтлагчид өлгөж аван Доналд Трамп намынхаа гишүүдтэй хагаралтай байгаа мэтээр ярьж эхэлжээ.
Одоо АНУ- д “ Цагаан ордон, гүйцэтгэх засаглалын ажлын уялдаа холбоо муу байна гэсэн яриа хүчээ ид авч байна. Мөн Зарлиг гарсны дараа Цагаан ордон “ Цагаачдын талаар гаргасан зарлигийн талаар мэдэгдэх ёстой бүхэнд мэдээлэл өгсөн” гэж мэдэгдсэн. Гэтэл дараа нь Хууль зүйн яам, Дотоодын аюулгүй байдал эрхэлсэн яамны аль аль нь “ Бичиг баримтын боловсруулалтад огт оролцоогүй” гээд мэдэгдчихсэн нь ийм яриа гарахад хүргэжээ.
Гэхдээ үүнээс ч ноцтой байдал үүссэн нь Трампыг Ерөнхийлөгчийн үүрэг гүйцэтгэх чадвартай эсэхийг дэнслээд эхэлсэн явдал юм. Одоо АНУ-д “Цагаан ордон, гүйцэтгэх засаглалын ажлын уялдаа холбоо муу байна гэсэн яриа хүчээ ид авч байна. Мөн Зарлиг гарсны дараа Цагаан ордон “Цагаачдын талаар гаргасан зарлигийн талаар мэдэгдэх ёстой бүхэнд мэдээлэл өгсөн” гэж мэдэгдсэн. Гэтэл дараа нь Хууль зүйн яам, Дотоодын аюулгүй байдал эрхэлсэн яамны аль аль нь “Бичиг баримтын боловсруулалтад огт оролцоогүй” гээд мэдэгдчихсэн нь ийм яриа гарахад хүргэжээ.
“Доналд Трамп багаа хуулчихлаа. Тэр улс орныг хувийн компани шигээ бодож бүхнийг дангаараа шийдэхийг оролдож байна”, “Үнэндээ бид буруу сонголт хийжээ. Тэр Ерөнхийлөгч болоход хэтэрхий түргэн, түүхий нэгэн байж”. Ерөнхийлөгчийг тойрсон явган яриа ийнхүү үргэлжилнэ.
Трамп хэрвээ чадварлаг удирдагч байсан бол гүйцэтгэх засаглалаа бүгдийг нь бүрэн бүрэлдэхүүнээр нь томилж, хэрэгжих бэлтгэлээ хангасны дараа зарлигт гарын үсэг зурах ёстой байсан гэсэн тэдний шүүмжлэлийг буруутгах аргагүй. “New York Times”-д гарсан мэдээлэлд итгэх юм бол Хил гаалийн алба, Иргэншил, цагаачлалын асуудал эрхэлсэн алба ч бичиг баримттай бүрэн танилцаагүй, тэдэнд “Зарлиг гарсан, хэрэгжүүл” гэдэг зааврыг утсаар өгчээ.
Зарлигийн хэрэгжилтийг хангахад гол үүрэгтэй оролцох учиртай Хууль зүйн яам гэхэд л сайдгүй, Барак Обамагийн үед томилогдсон хүн нь үүрэг гүйцэтгэгчийн статустайгаар ажлаа хийж таарсан. Салли Йетс гэгч тэр эмэгтэй шинэ Ерөнхийлөгчийн зарлигийг хүлээж авмагцаа хурцаар шүүмжилчихээд “Хэрэгжүүлж чадахгүй” гэж хэлж байх жишээтэй.
Байдлыг ажвал, өмнөх Ерөнхийлөгчийнхөө баримталж байсан бодлогоос эрс ялгаатай, шинэчлэлийн чанартай ажлаа хэт яаран барьж авсан нь Доналд Трампын алдаа болсон бололтой.
Барак Обама анхны бүрэн эрхээ хэрэгжүүлэхдээ чадварлаг, салбартаа хүлээн зөвшөөрөгдсөн хүмүүсээр багаа бүрдүүлсэн нь төрийн жолоог ахархан хугацаанд хяналтдаа авах боломж олгосон байдаг. Гэтэл Трамп өндөр албан тушаалд ихэвчлэн гаднын хүнийг, хувийн хэвшлээс томилж байгаа учир хугацаа харьцангуй их орно. Ажиглагчид одоо “Доналд Трамп хэрвээ ОХУ-д тавьсан хоригийг цуцлах, БНХАУ-тай худалдааны дайн өрнүүлэх гэх мэт, өөрийнхөө нэрийн хуудас болж үлдэх ажлуудыг засаг захиргаагаа гүйцэт томилсны дараа, намтайгаа, тэр ч бүү хэл сөрөг хүчинтэйгээ сайтар зөвшилцөж байж, найдвартай хийхгүй бол бүрэн эрхээ дуусгаж чадахгүй ч байж мэднэ” гэсэн өнцгөөс асуудалд хандаж байна.
Эх сурвалж: eagle.mn
Нийгмийн шахалт, олон нийтийн хүлээлтийн хайчин гал дунд МАН-ынхан Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулийг дахин баталсан билээ. Дахин гэж тодотгосон нь, энэ хуулийг уг нь түрүүчийн парламент баталж, энэ оноос хэрэгжүүлж эхлэхэд бэлэн болоод байсан юм.
Гэвч МАН сонгуульд ялалт байгуулж, шинэ парламентын анхдугаар чуулганаараа өмнөх УИХ-ын баталсан хуулийг үг дуугүй буцаах үүргийг Засгийн газарт өгч байлаа. Нийгмээс асар их эсэргүүцэл дагуулсан уг шийдвэрээ “Өмнөх УИХ энэ хуулийн эцсийн найруулгыг сонсоогүй, Төрийн мэдээллийн эмхэтгэлд хэвлээгүй учраас хэрэгжүүлэх боломжгүй” гэж тайлбарлаж байв.
“Хаалганы цаана” үйлдэгддэг хүчирхийлэлтэй тэмцэх тус хуулийг ийн буцаасан ч олон нийтийн шахалтаар олонхийг бүрдүүлж буй МАН дахин шинээр баталсан юм. Тэр хууль нь өнөөдрөөс албан ёсоор хэрэгжиж эхлэх байв. Байв гэсэн нь,УИХ энэ удаад өмнөх парламентыг буруутгаж байсан процедурын алдаагаа өөрсдөө дахин давтжээ.
Одоо тайлбарлъя. Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуульд УИХ-ын дарга өнгөрсөн баасан гарагт гарын үсэг зурж ёсчилжээ. Баталчихаад бараг сар гаруй болж байгаа ч ийм амин чухал хуулийг ёсчлохгүй явсаар хэрэгжүүлэх хугацаанд нь тулгажээ. Тиймээс Төрийн мэдээллийн эмхэтгэлд хэвлэж амжаагүй юм байна.
Төрийн мэдээллийн эмхэтгэлд яагаад хэвлэх ёстой гэж та бодож болох юм. Тэгвэл Монгол Улсын Үндсэн хуулийн 5.3-т “Улсын дээд шүүх, бусад шүүх нь Үндсэн хуульд нийцээгүй, албан ёсоор нийтлээгүй хуулийг хэрэглэх эрхгүй” гэж заасанд учир бий. Иймээс л өнөөдөр энэ хуулийг хэн ч хэрэгжүүлэх боломжгүй болжээ. Нэгэнт УИХ баталчихсан юм чинь хэрэгжүүлэх ёстой гэж бодож байвал бас үгүй юм.
Түрүүчийн парламентын жишээг мөн л дурдъя. Анхдугаар ардчилсан, байнгын ажиллагаатай парламент байгуулсны 25 жилийн ойд зориулан УИХ-аас хоёр жилийн өмнө Өршөөлийн тухай хууль баталсан. Гэвч энэ хууль хэрэгжээгүй. Шалтгаан нь, Төрийн мэдээллийн эмхэтгэлд хэвлэн, нийтлээгүйтэй холбоотой байсан.
Ийн УИХ тус хуулийг хэвлэж амжаагүй байхад нь Ерөнхийлөгч хориг тавьж, улмаар суллагдахаа хүлээсэн олон хүн хохирч үлдсэн юм. Иймийн учир УИХ-аас баталсан хууль, Засгийн газраас гарсан шийдвэр Төрийн мэдээллийн эмхэтгэлд хэвлэгдэх нь нэн чухал байдаг билээ.
Гэтэл үүнийг мэдсээр байж энэ удаагийн УИХ хойрго хандсаны улмаас алдчихлаа. Өнөөдрөөс хэрэгжиж эхэллээ гэж шуурч байна. Бодит байдал дээр Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулийг хэрэгжүүлэх боломж бүрдээгүй байна. Дахин тодотгоход, Монгол Улсын Үндсэн хуульд “Монгол Улсын хуулийг Улсын Их Хурал албан ёсоор нийтлэх бөгөөд хэрэв хуульд өөрөөр заагаагүй бол ийнхүү нийтэлснээс хойш арав хоногийн дараа хүчин төгөлдөр болно” гэж заасан байдаг.
Мөн Монгол Улсын Их Хурлын тухай хуулийн 43.2-т “Улсын Их Хурлын тухайн шийдвэрт өөрөөр заагаагүй бол уг шийдвэр албан ёсоор нийтлэгдсэнээс хойш 10 хоногийн дараа хүчин төгөлдөр болно” гэдэг хуулийн заалт бий. Ийм байтал өнөөдрөөс хэрэгжинэ гэх Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хууль Төрийн мэдээллийн эмхэтгэлд алга. Хэзээ хэвлэгдэх нь ч тодорхой бус байна. Магадгүй хэвлэгдлээ гэхэд тэр хүртэлх хугацаанд гэр бүлийн хүчирхийллийн улмаас иргэд хохирвол хэн тэднийг хамгаалж, хэн хуулийн хариуцлага хүлээх вэ…
Эх сурвалж: http://eagle.mn/
Posts navigation
Acion Law Firm, Acion хуулийн фирм