Олны анхаарал татсан онц ноцтой хэргүүдийг хэрхэн шийдэв

Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс 2016 онд шийдвэрлэсэн олны анхаарал татсан хэргүүдийн талаар мэдээлсэн.

Тухайлбал, нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн 26 дугаар хороо, Улаанчулуутын хогийн цэгийн манаачийн байранд 22 настай таксины жолооч М-ийн амь насыг Э, А /25-27 нас/ гэх хосууд хөнөөсөн хэрэг гарсан. Тэгвэл  Э, А нарт холбогдох уг хэргийг Сонгинохайрхан дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүх өнгөрсөн 2016 оны аравдугаар сарын 13-нд хянан хэлэлцэж Э-д 25 жил, А-д 16 жилийн хорих ял оногдуулж шийдвэрлэсэн байна. Уг хэрэг Улсын дээд шүүхэд шилжээд байгаа аж.

Энэ мэтчилэн олны анхаарал татсан хэргүүдийн шүүхээр хэрхэн шийдвэрлэгдсэн талаарх тоймыг хүргэе.

     Төв аймгийн Баянчандмань сумын Засаг даргын орлогч асан Б.Ханбаатар эмэгтэй ажилтнаа хүчирхийлсэн хэрэг 2015 оны есдүгээр сарын 24-нд гарсан. Энэ хэрэг тухайн үед нэлээд дуулиан дэгдээж байв.
Сонгинохайрхан дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс Засаг даргын орлогч асан Б.Ханбаатарт холбогдох уг хүчингийн хэргийг 2016 оны зургадугаар сарын 15-нд хянан хэлэлцжээ. Ингээд Б.Ханбаатарт 9 жилийн хугацаагаар хорих ял оногдуулж шийдвэрлэсэн байна. Уг хэрэг нь давж заалдах болон хяналтын шатны шүүхээр хянагдаад хэвээр батлагдсан нь энэ аж.

“Guys” хамтлагийн дуучин Х.Бат-Ундралд холбогдох хар тамхи хууль бусаар олж авсан хадгалсан гэх хэргийг Хан-Уул дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүх 2016 оны аравдугаар сарын 10-нд хянан хэлэлцсэн. Тус шүүхээс Х.Бат-Ундралд хоёр жилийн хорих ял оногдуулж мөн хугацаагаар тэнсэн хянан харгалзаж, сулласан билээ.

Түүнчлэн дөрвөн настай хүүхэд айлын нохойд хазуулж амь насаа алдсан хэрэг гарч, олныг сэртхийлгэж байв. Энэ хэрэгт нохойн эзэн Б-г буруутгасан бөгөөд түүнд Сонгинохайрхан дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс 2016 оны долдугаар сарын 4-нд хоёр жил зургаан сарын хорих ялыг оногдуулсан байна. Харин бяцхан хүүгийн аминд хүрсэн дундад ази үүлдрийн нохойг устгахыг шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн албанд даалгаж шийдвэрлэжээ.

Мөн ШУТИС-ийн оюутан П-г 2016 оны арваннэгдүгээр сарын 27-ны өдөр 26 удаа хутгалж, амийг нь бүрэлгэсэн хэрэг гарсан.Энэ хэрэг иргэн Б-г буруутган шүүж, Баянгол дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүх тухайн оны долдугаар сарын 27-нд хэргийг хэлэлцсэн ч хэрэгсэхгүй болгож, цагаатгах шийдвэр гаргасан байна. Учир нь шүүгдэгч Б-г аргагүй хамгаалалт хийсэн гэж үзжээ. Гэхдээ уг хэрэг давж заалдах шатны шүүхээс хэвээр батлагдсан ч Улсын дээд шүүхээс 2016 оны аравдугаар сарын 21-нд нэмэлт мөрдөн байцаалтад буцаахаар шийдвэрлэжээ.

Өнгөрсөн онд олны дургүйцлийг хүргэсэн хэрэг гарсан нь 74 настай эмэгтэйг 20 гаруй настай залуус дээрэмдэж, гэмтээсэн явдал юм. Ийнхүү орцонд өндөр настай хохирогч Ц-г хүч хэрэглэж дээрэмдсэн Л.Амаржаргал нарт холбогдох хэргийн Баянгол дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүх  2016 оны аравдугаар сарын 17-нд хянан хэлэлцээд Л.Амаржаргалыг эд хөрөнгийг хураахгүйгээр зургаан жилийн хорих ялаар, Э.Мөнх-Эрдэнэ, А.Баатар нарын эд хөрөнгийг хураахгүйгээр таван жил нэг сараар хорих ял оногдуулахаар шийдвэрлэжээ. Уг шийдвэр давж заалдах болон хяналтын шатны шүүхээр хянагдаж батлагдсан байна.

Эдгээрээс гадна өнгөрсөн онд төрийн албанд тангараг өргөсөн прокурорууд хар тамхины хэрэгт холбогдож, дуулиан дэгдээсэн. Хар тамхи тээвэрлэж, хадгалсан Тээврийн прокурор асан Х.Тамир нарт холбогдох хэргийг Баянгол дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүх  хянан хэлэлцэж өнгөрсөн нэгдүгээр сарын 11-нд хянан хэлэлцсэн. Ингээд Х.Тамирт таван жил нэг сарын хорих ял, Б.Амарбаясгалан, Н.Мөнхбат нарт таван жил хоёр сарын хорих ял, Б.Сүхбаатарт зургаан жилийн хорих ял, Л.Жавхланд хоёр жил долоон сар, 17 хоногийн хорих ялыг тус тус оногдуулж шийдвэрлээд байна.

Эх сурвалж: eagle.mn