Захиргааны хэргийн шүүхэд хэд хэдэн этгээд хамтран нэхэмжлэл гаргаж болох уу?

Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд зааснаар Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд нэгэн адил шаардлага бүхий нэхэмжлэлийг хэд хэдэн нэхэмжлэгч хамтран гаргаж болно. Мөн хэд хэдэн нэхэмжлэгчид дундаасаа төлөөлөгч томилон итгэмжлэл буюу бүрэн эрх олгож, захиргааны хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд өөрсдийгөө төлөөлүүлэн оролцуулах эрхтэй.
Нэхэмжлэлийг 20 буюу түүнээс дээш этгээд хамтран гаргасан тохиолдолд шүүгч тэдэнд төлөөлөгчөө Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36 дугаар зүйлд заасны дагуу захиргааны хэрэг үүсгэснээс хойш 14 хоногийн дотор томилон захиргааны хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцуулахыг санал болгоно.