Ажил гүйцэтгэх гэрээ

Ажил гүйцэтгэх гэрээний тодорхойлолт

Иргэн, хуулийн этгээд харилцан ажил гүйцэтгэх, ахуй амьдрал болон бизнесийн үйл ажиллагаанд туслалцаа үзүүлэх үйл явцад үүссэн эрх зүйн зохицуулалтын нэг чухал хэлбэр бол ажил гүйцэтгэхээ гэрээ юм.

Ажил гүйцэтгэх гэрээгээр ажил гүйцэтгэгч нь захиалагчийн буюу өөрийн материалаар гэрээнд заасан ажил гүйцэтгэх, захиалагч нь уг ажлын үр дүнг хүлээн авч, хэлэлцэн тохирсон хөлс төлөх үүрэг тус тус хүлээнэ[1].

ОХУ-ын хувьд ажил гүйцэтгэх гэрээг Иргэний кодексын /1995 он/ 702 дугаар зүйлд: “Ажил гүйцэтгэх гэрээгээр гэрээний нэг тал нь /ажил гүйцэтгэгч/ нөгөө талын /захиалагч/ тодорхойлсон ажлыг захиалгын дагуу гүйцэтгэх, түүний үр дүнг захиалагчид шилжүүлэн өгөх үүрэгтэй, харин захиалагч нь ажлын үр дүнг хүлээн авах, түүний хөлсийг төлөх үүрэгтэй[2]” гэж заасан байна.

ХБНГУ-ын Иргэний хуулиар: Ажил /үйлчилгээ/ гүйцэтгэх гэрээний ерөнхий нөхцлийн дагуу ажил /үйлчилгээ/ гүйцэтгэх гэрээний салшгүй хэсэг болох бөгөөд холимог хэлбэрийн ажил /үйлчилгээ/ гүйцэтгэх гэрээний харилцааг үүнд ойлгоно[3].

 

348 дугаар зүйл. Ажил гүйцэтгэх гэрээний хугацаа

348.1. Хуульд өөрөөр заагаагүй бол ажил гүйцэтгэх гэрээний хугацааг талууд тохиролцон тодорхойлох бөгөөд ажлын онцлогийг харгалзан завсрын буюу тусгай хугацаа тогтоож болно.

 

Ажлыг хугацаанд нь гүйцэтгэх явдал ажил гүйцэтгэх гэрээний талуудын алиных нь ч хувьд ихээхэн чухал зүйл. Захиалагчийн хувьд ажил хугацаандаа гүйцэтгэгдэхгүй бол их хэмжээний хохирол хүлээх боломжтой[4]. Түүнчлэн энэхүү хуулийн заалт нь шаардах эрх болон үүрэг, хариуцлага хүлээлгэсэн заалт бус зөвхөн тодорхойлсон диспозитив шинжтэй заалт гэж ойлгож болно. Дээрх заалтын  ач холбогдолтой үг болон холбоо үгийг задлан тайлбарлавал:

Хууль өөрөөр заагаагүй бол: гэдэг нь энэ хууль болон бусад хууль тогтоомжид заагаагүй байх гэсэн утгыг илэрхийлнэ. Иймээс энэхүү холбоо үг нь хуулийн заалт хэрэгжих урьдчилсан нөхцөл буюу гипотезийг илэрхийлсэн утга агуулна[5]. Учир нь хууль өөрөөр заасан бол энэхүү зүйл заалтыг хэрэглэхгүй юм.

Талууд тохиролцон тодорхойлох: гэдэг нь хуульд заагаагүй байх гэсэн урьдчилсан нөхцөл хангагдсаны дараа гэрээний талууд /захиалагч, гүйцэтгэгч/ нар нь харилцан тохирох боломж олгож буй явдал юм. Ажил гүйцэтгэх хугацааг юуны өмнө талууд чөлөөтэй тохиролцож тогтооно. Гэрээний энэ төрлийн тохиролцоог хэрэглэхдээ энэ нь баталгаа гаргаж нэрлэсэн хугацаа мөн эсэх, эсхүл ерөнхийд нь таамагласан хугацаа байгаа эсэхийг анхаарах ёстой.

Ажлын онцлог: гэдэг нь яг ямар шинжээр илрэх талаар ойлгоход хүндрэлтэй байна. Нэгэнт нийгмийн харилцаа олон төрөл зүйлтэй тул энэ тохиолдолд гэрээний талуудын хүсэл зориг, тохиролцоо хамгийн чухал болно.

Завсрын болон тусгай хугацаа: гэдэг нь ажлын онцлогоос хамаарч завсрын буюу тусгай хугацаа тогтоож өгсөн байна. Завсрын хугацаа нь ажлын үе шаттай холбоотой бөгөөд захиалагч тухайн үе шатуудад хийгдсэн ажлын чанар болон дараагийн ажлын үргэлжлэлийг эхэлж болох эсэхэд хяналт тавих хугацаа юм. Түүнчлэн үгийн утгын хувьд завсрын гэдэг бол нийт хугацааны хүрээнд тооцогдох тодорхой үе шатны нэгж, харин тусгай хугацаа бол эхлэх болон дуусах үе нь нийт/ерөнхий/ хугацаанд тоологдохгүй, бие даасан байдлаар тоологдох хугацаа гэж ойлгож болно.

                  Дүгнэлт

Иргэний хуулийн 348 дугаар зүйлийн 348.1 дэх хэсэгт заасан гэрээний хугацаа нь юун түрүүн ажлын хөлс төлөх хугацаа биш юм.  Учир нь ажлын хөлс төлөх  хугацааг иргэний хуулийн 346 дугаар зүйлийн 346.1 дэх хэсэг нь хөлсийг төлөх хугацааг зохицуулсан учир 348.1 дэх хэсгийг хөлс төлөхөөс бусад хугацааг зохицуулсан гэж ойлгож болохоор байна.

Харин 348.1 дэх хэсэг дэх хугацаа нь ажил гүйцэтгэх гэрээний хугацаа эсхүл ажил гүйцэтгэх хугацаа алин болох нь тодорхой бус байна. Угтаа бол ажил гүйцэтгэх хугацаа, гэрээний хугацаа хоёр нь тусдаа бие даасан ойлголтууд юм. Гэрээг тайлбарлахдаа хэрэглэгдсэн үгийн шууд утгаас гадна бусад нөхцөл байдлыг шалгах шаардлагатай. Тиймээс үүнийг тухайн бодит фактын онцлогоос хамаарч өөрөөр тайлбарлах болж байна.

Мөн түүнчлэн хуульд өөрөөр заагаагүй бол гэдэг урьдчилсан нөхцөл тогтоосон нь иргэний эрх зүйн үндсэн зарчмаас гажсан гэлтэй байна. Ийм заалт байсан эсэхээс үл хамааран талууд ажил гүйцэтгэх нийт хугацаа болон түүнчлэн хэсгээр гүйцэтгэх ажлын хугацааг гэрээний эрх чөлөөт байдлын зарчмын үндсэн дээр угаасаа тохиролцох боломжтой юм. Мөн иргэний эрх зүйд юун түрүүн талуудын хүсэл зориг, түүний илэрхийлэл чухал ба гэрээний тохиролцоог тодорхойлсоны дараа хуулийн зохицуулалтыг зөрчсөн эсэх, хэрэв талуудын тохиролцоонд уг асуудал байхгүй бол хуулийн зохицуулалтыг харгалзан үзэх ёстой.

 

 

347.1. Ажил гүйцэтгэгч нь гэрээнд заасан ажлыг гүйцэтгэхэд бусад этгээд /туслан гүйцэтгэгч/-ийг оролцуулж болно. Энэ тохиолдолд ажил гүйцэтгэгч нь захиалагчийн хувьд ерөнхий ажил гүйцэтгэгч, туслан гүйцэтгэгчийн хувьд захиалагч болно.

 

Энэ зохицуулалтад ажил гүйцэтгэгч нь гэрээнд заасан ажлыг биечлэн гүйцэтгэх үүрэггүй, харин бусад ажил гүйцэтгэгчийн туслалцааг авах боломжтой болохыг тодорхой заасан бөгөөд энэ тохиолдолд оролцогчдын хооронд үүэх харилцааг зохицуулсан байна.

 

Захиалагч                  Ерөнхий ажил гүйцэтгэгч                    Туслан гүйцэтгэгч

 

Энэ заалтын утга агуулгын хувьд зөвхөн ерөнхий гүйцэтгэгч болон захиалагчийн хооронд гэрээний харилцаа үүсдэг. Энэ зарчим нь туслан гүйцэтгэгч ажиллагааг хөнгөвчлөх үүднээс захиалагчтай харилцаж төлбөр тооцоо хийж  байгаа тохиолдолд ч гэсэн адилхан үйлчилнэ. Ерөнхий болон туслан гүйцэтгэгч нарын хооронд ямар нэгэн онцлог зүйлгүй ердийн ажил гүйцэтгэх гэрээний харилцаа байдаг.

Харин ажил гүйцэтгэх үүргийг зөвхөн тодорхой нэг этгээдэд өгсөн онцгой гэрээ байгуулах тохиолдолд энэхүү үүргийг зөрчсөн бол яах вэ? Гэдэг асуудал урган гарч ирнэ.

Гэм хор учруулсан захиалагчийн үйлдэл нь ерөнхий гүйцэтгэгч болон туслан гүйцэтгэгч нарын хооронд байгуулагдсан гэрээний дагуу ерөнхий гүйцэтгэгчийн хүлээх хариуцлагад хамаарахгүй. Харин эсрэгээрээ ерөнхий ажил гүйцэтгэгч нь туслан гүйцэтгэгчийн ажлын үр дүнг захиалагчийн өмнө хариуцах ёстой ба үүргийг тусгаарлах зарчим энэ тохиолдолд хамаарахгүй юм.

 

354.1. Ажил гүйцэтгэгч өөрийн шаардлагыг хангах зорилгоор эзэмшилдээ байгаа, захиалагчийн захиалсан ажлын үр дүн болох хөдлөх эд хөрөнгийг барьцаалах эрхтэй.

Энэ заалт нь ажил гүйцэтгэгчид хөлс төлүүлэх шаардлагаа хангуулахын тулд захиалагчийн хөдлөх хөрөнгийг барьцаалах эрхийг хуульчилсан байна. Ажил гүйцэтгэх гэрээний дагуу ажил гүйцэтгэгч нь түрүүлж үүргээ гүйцэтгэх буюу ажил гүйцэтгэх хугацаандаа захиалагч төлбөрийн чадваргүй болох эрсдэлийг хариуцлаг учраас үүнд тодорхой хэмжээний хариу эрх олгож байна[6].

Урьдчилсан нөхцөл: Хуулийн энэ заалт хэрэгжихийн тулд буюу хэрэгжүүлэхийн тулд хэд хэдэн урьдчилсан нөхцөл хангагдсан байх ёстой гэж үзэж байна. Юун түрүүн ажил гүйцэтгэгч ажлын үр дүнг бий болгосон байх, өөрийн шаардлагыг ханга зорилгоор буюу захиалагч ажлын хөлсийг төлөөгүй өөрөөр хэлбэл гэрээний үүргийн зөрчил бий болсон буюу энэ талаар гүйцэтгэгчид шаардах эрх үүссэн байх гэсэн утга агуулгыг илэрхийлж буй юм.

Тодорхой бус байдал: Энэхүү заалтын тодорхой бус байдал нь ажил гүйцэтгэгчийн энэхүү барьцааны эрх чухам аль хөрөнгөд хамааралтай байх тухай асуудал. Яагаад гэвэл хуульд зааснаар зөвхөн ажлын үр дүнг барьцаалах эрхтэй. Энэ нь ажлын үр дүн болох хөдлөх эд хөрөнгийг барьцаалж болно гэсэнтэй нийцнэ. Харин энэхүү барьцааны эрх нь ажил гүйцэтгэгчийн зөвхөн шинээр бийл болгосон үр дүнд хамааралтай, эсхүл түүний засан сайжруулсан үр дүнд хамааралтай эсэх нь эргэлзээтэй байна[7].

Захиалагчийн захиалсан: гэдэг нь ажил гүйцэтгэх гэрээний үндсэн үүрэг даалгавар буюу талуудын тохиролоо нэг хэсэг юм.

Эзэмшилдээ байгаа: гэдэг нь барьцааны эрх хэрэгжих ёстой эд хөрөнгө нь ажил гүйцэтгэгчийн эзэмшилд шилжсэн, эсхүл ажил шинээр гүйцэтгэсэн тохиолдолд түүний эзэмшлээс гараагүй байх ёстой. Эзэмшлийн хуьд шууд ба шууд бус эзэмшил аль аль нь байх боломжтой юм.

Барьцаалах эрхтэй: гэдэг нь иргэний хуулийн 153 дугаар зүйлд заасан барьцааны эрхийн нэг хэсэг байх боломжтой. Барьцааны эрх нь барьцааны эд хөрөнгийг борлуулах замаар үүрэг гүйцэтгэгчээс эсхүл гуравдагч этгээдээс өөрийн шаардлагаа хангуулж авах эрхийг үүрэг гүйцэтгүүлэгчид олгодог.

Дүгнэлт

Иргэний хуулийн дээрх заалт нь тодорхой бус хэд хэдэн ойлголтыг өөртөө агуулж байна. Түүнчлэн энэхүү заалт нь шаардах эрхийг болгосон заалт эсэх нь эргэлзээтэй байна. Харин өөрийн шаардлагыг хангах зорилгоор гэх утгаас урган гарч буй тул шаардах эрхийн үндэслэл дээрээс бий болсон эрх гэж үзэх бүрэн үндэслэлтэй юм.

Дээрх барьцааны эрх нь Иргэний хуулийн 153 дугаар зүйлд заасан барьцааны эрхийн утгаар тайлбарлагдах боловч бүрэн төгс барьцааны эрхийг эдэлнэ гэхэд хэд хэдэн хүндрэлтэй асуудал гарч ирж байна. Барьцааны гэрээг бичгээр хийх шаардлага тавигддаг ба ихэнх тохиолдолд талууд урьдчилан үүргийн гүйцэтгэлийг хангах аргыг хэрэглэх талаар тохиролцох ёстой байдаг. Гэтэл энэ хуулийн заалт нь нөхцөл байдлаас хамаарч урган гарч ирж буй барьцааны эрх юм.

[1] Монгол Улсын Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1 дэх хэсэг.

[2] Комментарий к Гражданскому кодексу Российской Федерации. Часть второй. Москва., 1997 год. Ст 272. /дам ишлэв/.

[3] Leverkusen Institute. January 2004. /дам ишлэв/.

[4] ГТХАН. Монгол Улсын Иргэний хуулийн тайлбар. УБ., 2010. 694-р тал.

[5] Бүтцийн хувьд эрх зүйн хэм хэмжээ нь гурван хэсгээс бүрдэнэ. Гипотез буюу нөхцөл заасан хэсэг, диспозиц буюу заалтын хэсэг, санкц буюу хариуцлагын хэсэг юм. Гипотез- эрх зүйн хэм хэмжээний урьдчилсан нөхцөл боломжийн хэр хэмжээ буюу цаг хугацаа, субъект, газар орон, хэрэглэжих нөхцөл зэрэг байдлыг заадаг бөгөөд хэрэв гэсэн асуултанд хариулагдана.

[6] ГТХАН. Монгол Улсын Иргэний хуулийн тайлбар. УБ., 2010. 711-р тал.

[7] Дурьдсан бүтээл. 711-р тал.